Энэ сарын 21-нд Хан-Уул дүүргийн 11-р хороо "Bella vista" хотхоны хойно Туул голын эрэг дагуу байрлах бургасыг тайрч, хядаж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Бид энэ мэдээллийн мөрөөр уг байршилд очиход Туул голын бургасыг тайрч, дулааны шугам барих ажлыг эхлүүлсэн байлаа.
ВИДЕО:
-ДУЛААНЫ ШУГАМ БАЙРЛУУЛАХЫН ТУЛД ТУУЛ ГОЛ ДАГУУХ БУРГАСЫГ ХЯДЖЭЭ-
Улаанбаатар хотын үе үеийн дарга нарын замбараагүй газар олголтоос үүдэж төлөвлөлтгүй орон сууц, хаус хотхон босгосноос өдгөө зам, шугам хоолой ч тавих зайгүй болж, эцэстээ Туулын бургасыг хядахад хүрчээ. Тэгвэл Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "Bella vista" хотхоны хойно Туул голын эрэг дагуу шигүү бургас, мод байсан газарт шороон зам гаргаж, мод, бургасыг тайрч тавьсан байгаа нь харагдана.
Зарим хэсэгт нь хайрга дэвсэж газрыг тэгшилсэн байх бөгөөд Зайсангийн гүүр хүртэлх бүх бургас, моддыг тайрч, булгалж авчээ.
Мөн энэ байршилд ажилчид багана босгож байгаа аж. Бид уг ажилчдаас энд ямар ажил явагдаж байгаа талаар тодруулахад, “Дулааны шугам тавих гэж байгаа юм. Та нар зүүн тийш жаахан алхвал эхнээсээ дулааны шугамын шонгууд боссон байгаа. Зайсан толгойгоос зүүн хэсгийн айлуудыг дулаанаар хангах гэж байгаа юм. Энд төвлөрсөн дулааны шугам огт байхгүй энэ хавийн айлуудын урд хэсэг бүгд гүний худаг, хувийн шугамаас ус, дулаанаа авдаг” гэх хариултыг өглөө. Харин зарим ажилчид, “Бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Хариуцаж байгаа хүмүүсээс асуу” гэсэн юм.
-"НУУХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ, АЛЬ БОЛОХ БАГА МОД ТАЙРЧ, БОЛОМЖТОЙГ НЬ ШИЛЖҮҮЛЖ БАЙНА"-
Бид үргэлжлүүлэн, албаны хүнээс буюу "Энерготех сервис" ХХК-ийн талбайн инженер А.Ганболдоос энэ талаар тодруулахад, “ Эрчим хүчний яамны захиалгаар, Дэлхийн банкны санхүүжилтээр зайсангийн хэсэгчилсэн дулааныг хангах зориулалтаар дөрвөн зуугийн хос шугам зайсангийн гүүрнээс “Морьтон хотхон” хүртэл хийнэ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дүгнэлтээр холбогдох байгууллагууд болох Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай зөвшилцөөд, зөвшөөрөл авч, ном журмыг дагуу ажил эхэлсэн. Энэ шугам нэг километр үргэлжлэх бөгөөд далд шугам 600 метр явна. Зайсангийн зүүн хэсгийг төвлөрсөн дулаанаар хангах юм. Модны хувьд аль болох бага мод тайрах, шилжүүлэх байдлаар явуулж байна. Бид бага настай моднуудыг шилжүүлж өөр газар суулгана. Харин мод, бургаснуудыг тайрч байгаа.
Бид 9 сар буюу дулаан халаалтын үе эхлэхээс өмнө ашиглалтад оруулах ёстой. Энэ шугамыг өөр газарт тавих нөхцөл байхгүй. Битүү барилга, байгууламж барьснаас өөр газраар тавих боломжгүй байгаа тул бид бололцоотой газраар нь л явуулж байна.
Нуух зүйл байхгүй бодит байдал л энэ. Бид зургийн автортой ярилцаад болж өгвөл чөлөөтэй, мод багатай газраар явуулахаар ажлын зургийг өөрчилсөн. Энэ хэсэгт нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд гол руу шахаад барилга барьчихсан, өөр газраар явуулах ямар ч боломжгүй байгаа юм” гэлээ. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар олгох нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн. Гэхдээ аялал жуулчлал нэрийн дор орон сууц барьсан нь олонтаа. Үүний балагаар Туул голын эрэг хүртэл барилгажиж, голын хоёр талаар дулааны шугам, тавих зайгүй болсон тул ийнхүү мод, бургасыг хядаж байгаа аж.