АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа, "хэсэг бүлэг “маш баян хүмүүс” TikTok нийгмийн сүлжээг худалдан авах сонирхолтой байгаа" гэж мэдэгджээ. Гэхдээ эдгээр хөрөнгө оруулагчдын нэрсийг тэрээр дэлгээгүй бөгөөд хэлэлцээрийг ойрын хоёр долоо хоногийн дотор хийхээр төлөвлөж байгаа гэжээ.
Д.Трампын хэлснээр, хэлэлцээр амжилттай хэрэгжихийн тулд Хятадын эрх баригчдын, тэр дундаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний зөвшөөрөл хэрэгтэй гэжээ. Д.Трамп, “Тэр үүнийг хийх байх” хэмээн итгэлтэй мэдэгдсэн байна.
TikTok-ийг эзэмшигч компани болох ByteDance нь Хятадын компани бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ болон бусад барууны орнуудаас мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн өгөгдөлтэй холбоотойгоор шахалтанд орсоор ирсэн.
АНУ-ын Конгресс ч TikTok-ийн эсрэг хууль тогтоомж хэлэлцэж, зарим мужид хориг тавих алхмуудыг хийж байгаа юм. Д.Трампын энэхүү мэдэгдэл нь TikTok-ийн ирээдүйтэй холбоотой шинэ эргэлт авчирч мэдэх гэжээ.
Эх сурвалж: BBC