Д.Мөнхтогоо: “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээр манай сум 38 хоршоотой болсон

Д.Мөнхтогоо: “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээр манай сум 38 хоршоотой болсон

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс зээл авч, фермерийн чиглэлээр ажиллаж байгаа “Баруун, зүүн мухар” хоршооны тэргүүн Д.Мөнхтогоогийн ярилцлага "Өдрийн сонин"-д нийтлэгдсэнийг хүргэж байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Мөнхтогоо гэдэг. Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ гуравдугаар хороонд амьдардаг. “Баруун, зүүн мухар” хоршооны даргаар ажилладаг.

-Хэзээнээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлд хамрагдаж, ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манайх “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлэнгүүт л зээлд хамрагдсан. Одоо хоёр дахь жилдээ орж байна. Бидний амьдрал маш чухал ач холбогдолтой хөдөлгөөн болсон. Бид таван айл хамтраад нэг хоршоо болсон. Манай ферм уг нь 2021 онд байгуулагдсан. Аймгийн аварга фермээр шалгарч байсан юм. Харин 2023 оноос дөрвөн айл нэмэгдэж, хоршоо болсон. “Шинэ хоршоо” төсөлд манайх хамрагдаж, 45 сая төгрөгийн зээл авсан. Үүгээрээ трактор авсан нь хөдөлмөрийг маш их хөнгөвчилж байгаа. Харин шинэ айлууд маань дандаа сүүний чиглэлийн саалийн үнээнүүд авсан. Дандаа таван литрээс дээш сүү гардаг үнээнүүд авсан болохоор хоршооны гишүүдийн маань амьдралын орлого ч нэмэгдсэн. Ер нь зөвхөн манай суманд л гэхэд энэ хөдөлгөөнд хамрагдсан 38 хоршоо байдаг юм билээ. Өмнө нь бол яг хөдөө аж ахуй, сүүний чиглэлийн ердөө гуравхан хоршоо байсан.

-Танай хоршоо хоттой ойрхон байдаг болохоор сүү, цагаан идээгээ борлуулахад хялбар байдаг уу?

-Тийм, манайх “Сүү” хувьцаат компанид сүү борлуулдаг хоршоонд сүүгээ нийлүүлдэг.

-Жилийн дөрвөн улиралд сүүгээ нийлүүлдэг үү?

-Тийм, өвөл зунгүй л нийлүүлдэг. Хамгийн ихдээ нэг айл нь зундаа 400 орчим, өвөлдөө 150 литр сүүг нийлүүлж байна.

-Зээлийн эргэн төлөлтийн хувьд ямар байна вэ?

-Ямар нэгэн асуудал байхгүй. Таван жилийн хугацаатай, маш бага хүүтэй зээл болохоор амар байдаг. Бага буюу 20 сая төгрөг авсан айлууд маань эргэн төлөлтөө улирлаар, түүнээс дээш авснууд нь сар бүр төлөлтөө хийгээд явдаг. Энэ зээл эхний жилдээ зөвхөн хүүгээ төлсөн. Харин ноднин жилийн тавдугаар сараас эхлээд үндсэн зээлээсээ төлж эхэлсэн.

-“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар сайн, муу мэдээлэл их явдаг. Зарим зээлдэгчид нь зээлээ зориулалтын бусаар ашиглах буюу машин мотоцикл болгоод дууссан ч гэж ярьдаг. Танай суманд яг ийм тохиолдол ер нь гарсан уу?

-Ер нь байхгүй байх аа. Ганц нэг хоршоо Төрийн банкны төв дээр шалгагдаж байгаа гэсэн. Гэхдээ гайгүй юм шиг билээ. Бас хоёр хоршоо хэл аманд өртөөд шалгуулаад шалгалтад нь тэнцсэн гэсэн.

-Ер нь ингэж хоршоо байгуулж ажиллах, өөрсдөө дангаараа ферм ажиллуулахад ялгаа байна уу?

-Ялгаа байлгүй яах вэ. Бид эхлээд хоршоо байгуулахдаа ах дүүс, хүүхдүүдтэйгээ нийлж байгуулж байлаа. Гэтэл хүүхдүүд маань хот хүрээ рүү ажил төрөл гээд явчихаар хүний дутагдалд ороод байсан. Харин одоо бол айл бүр яг нэг дороо амьдраад, сэтгэл зүрхээрээ нэгдсэн болохоор илүү амар байна. Намар, хаврын ажилдаа огт түүртэхээ байсан. Ер нь сэтгэл, зүрхээрээ нэгдсэн хоршооны ажил төрөл нь арай л өөдөө дээшээ байна уу гэж хардаг. Тэрнээс биш зөвхөн зээл, мөнгө авахын төлөө нэгдсэнүүд нь нэг их онцгүй л харагдах юм байна.