Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сараас эхлэн 35 дахь хотын даргаар ажиллаж байна. Магадгүй хамгийн их хэл ам, улс төрийн маргаан дагуулсан хотын дарга нарын нэг болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Хотын даргын албан тушаал бол Монголын улс төрд сайд нартай эн зэрэгцэхүйц нөлөөтэй суудал. Нийслэлд хүн амын тал орчим нь төвлөрч, эдийн засаг, төсвийн орлогын гол эргэлт явагддаг учраас үе үеийн Ерөнхий сайд нар Хотын даргыг томилж, чөлөөлсөөр ирсэн. Өнөөдөр Х.Нямбаатарын улс төрийн ирээдүй ч улс төрийн шийдвэрээр хэмжигдэх нөхцөл байдал руу орж эхэлжээ.
"Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УЛС ТӨРИЙН НӨЛӨӨ СУЛАРЧ ЭХЭЛСЭН ҮЕЭС Х.НЯМБААТАРЫН БАЙР СУУРЬ Ч ДАВХАР ГАНХАЖ ЭХЭЛСЭН"
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Х.Нямбаатарыг улс төрийн хүрээнд хамгийн хүчтэй дэмждэг хүмүүсийн нэг байв. Хотын даргын албан тушаалд хүргэсэн улс төрийн гол дэмжлэг ч түүний Засгийн газар байсан. Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Барьж авсан ажлынхаа ард гардаг, шазруун зан бий” хэмээн үнэлж байлаа. Гэвч Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нөлөө суларч эхэлсэн үеэс Х.Нямбаатарын байр суурь ч давхар ганхаж эхэлсэн.

"ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ БУУЛГАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ТУЛ ТҮҮНИЙ СҮҮЛИЙН НАЙДВАР НЬ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БОЛОВ"
Улмаар Х.Нямбаатар дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатартай улс төрийн харилцаагаа хадгалахыг эрмэлзэж буй дүр зураг ажиглагдаж байлаа. Тодруулбал, “Дулааны V цахилгаан станц”, “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа, “Сүүн дархлаа” зэрэг Ерөнхий сайдын оролцсон олон нийтийн арга хэмжээнд Хотын дарга тогтмол хамт оролцож, ажлаа танилцуулж буй нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байсан. Энэ нь шинэ нөхцөлд улс төрийн дэмжлэгээ хадгалах оролдлого уу эсвэл албан тушаалаа хамгаалах стратеги юу гэдэг асуултыг дагуулж байлаа.

"ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ Х.НЯМБААТАРЫН АСУУДАЛД УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАЖ МАГАДГҮЙ БАЙНА"
Харин одоогийн Ерөнхий сайд Н.Учралтай улс төрийн тохироо хийсэн гэх дүр зураг ч харагдаж буй. Учир нь тэрбээр НИТХ-ын дарга А.Баярыг огцруулж, Н.Учралын фракцын хүн Д.Ихбаярыг оронд нь томилоход үүрэг, нөлөө их байсан. Гэсэн ч улс төрд байнгын холбоотон гэж байдаггүй. Өдгөө Ерөнхий сайд Н.Учралын зүгээс ч Х.Нямбаатарын асуудалд улс төрийн шийдвэр гаргаж магадгүй байна.

Гэхдээ Х.Нямбаатар огцрох улс төр, ёс зүйн үндэслэлээ өөрөө бүрдүүлсэн.
- Юуны өмнө “Туулын хурдны зам” төсөл түүний хамгийн том улс төрийн эрсдэл болоод байна. Хотын дарга уг төслийг “Намайг алж байж зогсоогоорой” хэмээн хүртэл хамгаалж байсан удаатай. Гэвч ажлын зураг, байгаль орчны үнэлгээ зэрэг үндсэн баримт бичиг бүрэн гараагүй байхад ажлыг эхлүүлсэн нь ил болж, сонгон шалгаруулалт, урьдчилгаа санхүүжилттэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж эхэлсэн. Төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөгт хүрч байгаа нь ч шүүмжлэл дагуулж буй. Харин энэ үед Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны замыг шалгаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдээд байна.
- Мөн Т.Даваадалайтай холбоотой асуудал Хотын даргын улс төрийн эрсдэлийг улам нэмэгдүүлэв. Түүнийг “Туулын хурдны зам”-ын төслийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар мөрдөн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан. Мөн түүний гэр бүлийн буюу эхнэр Б.Анхтуяагийн компани нийслэлийн томоохон төслүүдэд оролцсон, тендер авсан зэрэг нь баримт бичгүүдээр ил болсоор байна. Өөрөөр хэлбэл, асуудал зөвхөн нэг төслөөр тогтохгүй. Хотын даргын бүрдүүлсэн удирдлагын баг бүхэлдээ хуулийн эрсдэлд орсон мэт нөхцөл байдал үүссэн.
- Үүгээр ч зогсохгүй НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нартай холбоотой “Сэлбэ дэд төв”-ийн тендерийн асуудал мөн анхаарал татсан хэвээр байна. Тодруулбал, тэдний хувь эзэмшдэг компани мега төсөлд шалгарсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
- Нөгөө талд Х.Нямбаатарын иргэд, сэтгүүлчидтэй харилцаж буй хандлага ч хүчтэй шүүмжлэл дагуулсан. “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцсэн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг удаа дараа хатуу байр суурь илэрхийлсэн. Мөн өөрөө иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулж, иргэдийг “террорист” гэж нэрлэсэн гэх асуудал хүртэл гарч байв. Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байхад Хотын дарга өөрөө иргэдтэй зөрчилдөж буй нь улс төрийн том эрсдэл.
- Түүнчлэн Х.Нямбаатар Хотын даргаар ажилласан хугацаанд нийслэлийн төсөв 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг хүртэл өссөн ч бодит үр дүн, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй байгаа гэх шүүмжлэл нэмэгдсээр байна. Өндөр дүнтэй төслүүдийн гүйцэтгэл, тендерийн мэдээлэл олон нийтэд нээлттэй, бүрэн, ойлгомжтой биш хэвээр байгаа нь ч асуудал дагуулж буй.
- Хотын даргын гэр бүлийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээллүүд ч олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед төрийн өндөр албан тушаалтнуудын амьдралын хэв маяг иргэдийн бухимдлыг өдөөх хамгийн эмзэг сэдэв болсоор ирсэн. Түүний охин нохойгоо стейкээр хооллодог нь цахим орчинд ил болсон. Мөн түүний охины нэг ээлжийн цүнх 40 орчим сая төгрөгөөр хэмжигдэж байна. Сануулахад, Х.Нямбаатарын үеэл Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрийн тансаг хэрэглээ түүнийг огцруулсан удаатай.
- Улс төрчийн хамгийн том хамгаалалт нь олон нийтийн итгэл байдаг. Харин өнөөдөр Х.Нямбаатарын хувьд энэ хамгаалалт бараг үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Түүнийг огцруулах шаардлага бүхий цахим гарын үсгийн хөдөлгөөнүүд удаа дараа өрнөж, иргэд идэвхтэй нэгдэж байгаа. Энэ нь Хотын даргын эсрэг олон нийтийн бухимдал бодит түвшинд хүрснийг илтгэж байгаа юм.

Хэрэв Х.Нямбаатарыг чөлөөлөх улс төрийн шийдвэр бодитоор яригдаж эхэлбэл дараагийн Хотын даргын асуудал сөхөгдөнө. Улс төрийн хүрээнд Э.Бат-Амгалан, Д.Баяр нарын нэрс яригдаж эхэлжээ. Мөн МАН дотор “битүү морь” гарч ирэх боломж ч бий гэх таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна.
Хуулийн хувьд Хотын даргыг чөлөөлөх гол субъект нь Ерөнхий сайд. Нэгдүгээрт, нийслэлийн МАН-ын хороо түүнийг намын даргын албан тушаалаас нь чөлөөлөх боломжтой. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал НИТХ-д хүргүүлж, НИТХ эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай.
Өнөөдөр Х.Нямбаатарын улс төрийн гол хамгаалалт, найдвар нь түүний бүрдүүлсэн “ажил хийдэг” гэх имиж болоод байна. Тэр том төсөл хөдөлгөдөг, шийдвэрийг хүчээр ч болов урагшлуулдаг гэсэн дүр төрхийг бий болгох гэж хичээсэн. Харин Х.Нямбаатарын “ажил хийдэг” гэх имиж нь түүнийг хамгаалах уу, эсвэл огцруулах шалтгаан болох уу гэдэг ойрын хугацаанд тодорхой болох бололтой.