Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Хуралдаанаар махны үнэтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх бололтой. Учир нь, Ерөнхий сайд махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломж, арга замыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн яам болон ХХААХҮЯ-нд үүрэг болгосон юм. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нийслэлд нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй долоон аж ахуйн нэгжийн төлөөлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нартай уулзаж, нөөцийн мах нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцон, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Цаашид үлдэгдэл нөөцийн махыг хуучин үнээр худалдаалах, ААН-үүдийн татаасын асуудлыг шийдвэрлэх, сүлжээ дэлгүүр болон зорилтот цэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нэмэлтээр шинэ мах бэлтгэн нийлүүлэх боломжийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон юм.