З.Эмүжин: Таван хүний амь аварсан гээд Ерөнхийлөгч "Шударга журам" медалиар шагнахад маш их догдолж, бас сандарсан

З.Эмүжин: Таван хүний амь аварсан гээд Ерөнхийлөгч "Шударга журам" медалиар шагнахад маш их догдолж, бас сандарсан

Хүүхэд нас бол мөрөөдөлдөө хүрэхийн төлөө суралцаж, тоглож наадах үе. Гэвч зарим хүүхэд наснаасаа үл хамааран эр зориг, хариуцлага гэж юу болохыг бодитоор харуулдаг. Тэдний нэг нь найзынхаа гэр бүлийн таван хүний амийг аварч, “Шударга журам” медалиар шагнагдсан “Эрдийн хөтөч” ЕБС-ийн 5 дугаар ангийн сурагч З.Эмүжин юм. Түүнийг бид энэ удаагийн “Social ID” буландаа оноцоллоо. Түүний нас бага ч гэлээ “Би зүгээр л хийх ёстой зүйлээ хийсэн” хэмээн хэвлүүхэн хариулж байсан нь биширмээр санагдаж байв.

ВИДЕО:

 -ЭНЭ ШАГНАЛ ЗӨВХӨН МИНИЙХ БИШ, НАМАЙГ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ААВ ЭЭЖ, БАГШ НАРЫН МИНЬ ШАГНАЛ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА-

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Намайг З.Эмүжин гэдэг. Би “Эрдмийн хөтөч” ЕБС-ийн  5Б ангид сурдаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа тоглох, зураг зурах, үлгэрийн ном унших дуртай. Бас гэрийнхэндээ жижиг сажиг зүйлээр туслахыг хичээдэг. Найзуудтайгаа хамт байх хамгийн сайхан санагддаг.

-Чи Ариунзаяа найзтайгаа хэр дотно вэ?

-Бид нэгдүгээр ангид ороод л  найзалсан. Бараг өдөр бүр уулздаг. Хичээлдээ хамт явах үе ч их байдаг. Би тэдний гэрээр байнга ордог болохоор гэр бүлийнхэнтэй нь ч сайн танил. Намайг өөрсдийнхөө хүүхэд шиг л хүлээж авдаг юм.

-Чи найзынхаа болон гэр бүлийхнийхэн амийг нь  аварсан шүү дээ. Тэр өдөр яг юу болсон юм бэ?

-Би урьдын адил найзындаа очсон. Хаалгыг нь тогшоод хүлээсэн ч хэн ч гарч ирээгүй. Эхэндээ унтаж байгаа байх гэж бодсон. Гэхдээ удаан хугацаанд ямар ч хариу өгөхгүй болохоор санаа зовоод дотогш орсон. Тэгээд найз болон гэр бүлийнхэн нь бүгд сэрэхгүй байгааг хараад ямар нэгэн асуудал болсныг ойлгосон.

- Тэр үед хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Маш их айсан. Гэхдээ айгаад зогсож болохгүй гэж бодсон. Ямар ч байсан хичээл орох болж байгаа юм чинь хурдан сэрээх ёстой л гэж бодсон. Найз болон гэр бүлийнхэн нь зүгээр байгаасай гэж л хүсэж байсан. Тэгээд хамгийн түрүүнд ээжийг нь сэрээсэн.

-Бүгдийг эсэн мэнд байгааг мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Маш их баярласан бас айсан. Тэр үед л сэтгэл амарсан. Тэдэнд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүйд баярласан.

- Найз чинь болон түүний гэр бүл дараа нь чамд юу гэж хэлсэн бэ?

-Намайг тэвэрч аваад баярлалаа гэж хэлсэн. Тэр үед надад их сонин санагдсан. Би зүгээр л хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодож байсан. Гэхдээ найзынхаа баярлаж байгааг хараад сэтгэл хөдөлсөн. Түүний ээж чи ирээгүй бол бид үхэх байлаа гэхэд бага зэрэг айдас төрсөн.

-Хүүхдийн баяраар “Шударга журам” медалиар шагнагдаж, Ерөнхийлөгчтэй уулзах мөч ямар байсан бэ?

-Их баярласан. Бас бага зэрэг сандарсан. Намайг тайзан дээр дуудах үед итгэж өгөхгүй байсан. Энэ шагнал зөвхөн надад биш, намайг зөв хүмүүжүүлсэн аав ээж, багш нарын минь шагнал юм шиг санагдсан.

-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Хүмүүст тусалдаг хүн болохыг хүсдэг. Яг ямар мэргэжилтэй болохоо хараахан шийдээгүй байгаа зураач болдог юм уу гэсэн бодол бага зэрэг байна. Юйтай ч бусдад хэрэгтэй хүн байхыг хүсдэг.

-Найздаа болон үеийн хүүхдүүддээ юу хэлэх вэ?

-Найздаа үргэлж эрүүл саруул, аз жаргалтай байгаарай, хайртай шүү гэж хэлмээр байна. Харин үеийн хүүхдүүддээ бусдад туслах боломж гарвал битгий хараад өнгөрөөрэй гэж хэлнэ. Заримдаа жижигхэн үйлдэл ч хүний амьдралыг өөрчилж чаддаг юм байна.

-БИ ЭМҮЖИН НАЙЗДАА ДЭЛХИЙГЭЭС ТОМ ХАЙРТАЙ-

-Өөрийгөө танилцуулаач. Найзынхаа тухай уншигчдад  юу хэлэх вэ?

Намайг Б.Ариунзаяа гэдэг. Би Эмүжинтэй таван жил найзалж байгаа. Тэр их нийтэч, хөгжилтэй, бас үргэлж бусдад туслахыг хүсдэг хүүхэд. Бид хамт тоглож, хамтдаа хичээлдээ явдаг.

-Эмүжинтэй холбоотой хамгийн дурсамжтай зүйл юу вэ?

 -Бидний хамт өнгөрүүлсэн олон дурсамж бий. Гэхдээ тэр өглөө болсон явдал миний амьдралын хамгийн мартагдашгүй дурсамж болсон. Тэр өдрөөс хойш би найзаараа бүр ч их бахархах болсон доо. Тухайн үед ухаан ороод түүнийг намайг болон миний гэр бүлийхний амийг аварсныг мэдээд маш их баярласан. Яг тэр үед найз минь ирсэн байсан нь бидний хамгийн том аз гэж боддог. Түүнийг хараад өөрийн эрхгүй уйлмаар санагдсан.

-Эмүжингийн ямар зан чанараар нь чи хамгийн их бахархдаг вэ?

-Тэр их зоригтой. Бас бусдын төлөө санаа тавьдаг. Өөрөөсөө илүү бусдыг бодож чаддаг нь хамгийн сайхан чанар нь гэж боддог.

-“Шударга журам” медаль авсныг сонсоод чамд ямар санагдав?

–Маш их баярласан. Энэ шагналыг авах ёстой хүн нь мөн гэж бодсон. Учир нь тэр үнэхээр хүний амь аварсан шүү дээ. Би найзаараа бахархаж байсан.

- Одоо найздаа хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?

-Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Чиний ачаар манай гэр бүл өнөөдөр хамтдаа инээж, ярилцаад сууж байна. Энэ ачийг бид хэзээ ч мартахгүй. Би найздаа дэлхийгээс том хайртай.




Өнөөдөр тахиа өдөр

30 минутын өмнө