Залуу зохион бүтээгчид агаарын бохирдлыг бууруулахад  саналаа уралдууллаа

Залуу зохион бүтээгчид агаарын бохирдлыг бууруулахад саналаа уралдууллаа

Тусгаар тогтнолын талбай өнөөдөр /2026.06.05/ сурагчдын бүтээлч санаа, шинжлэх ухааны шийдлүүдээр дүүрэн байна. “Аюулгүй түлш, Аюулгүй ирээдүй” үзэсгэлэнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 159 гаруй сурагч оролцож, агаарын бохирдлыг бууруулах, хийн түлшний хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 43 төслөө танилцууллаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын зарим бүсийг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлж эхэлсэн. Чингэлтэй болон Баянгол дүүргийн зарим хороонд хийн түлшээр ажилладаг зуух нэвтрүүлээд байгаа ба энэхүү түлш нь харьцангуй аюулгүй ч гал түймрийн болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв хэрэглээг шаарддаг байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон холбогдох байгууллагууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Аюулгүй хийн түлш, Аюулгүй ирээдүй” бүтээл, нийгмийн сүлжээ богино контентын уралдааныг зохион байгуулжээ. Уралдааны зорилго нь сурагчдын олж авсан мэдлэгийг гэр бүл, найз нөхөд болон орон нутагтаа түгээхэд оршиж байна.

“Шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг бид тав дахь жилдээ зохион байгуулж байна. Харин энэ жилийн уралдааны онцлог нь хийн түлшний аюулгүй хэрэглээний талаарх сэдвийн хүрээнд хүүхдүүдээс бүтээл авлаа” хэмээн “Ногоон титэм” ХХК-ийн төлөөлөгч Д.Алтангадас онцоллоо.

Үзэсгэлэнгийн талбайд сурагчид бүтээл бүрийнхээ өмнө зогсон, шүүгчид болон зочдод судалгаа, санаагаа тайлбарлаж байна. Зарим нь хийн түлшний аюулгүй хэрэглээний талаар мэдээлэл хүргэж байсан бол нөгөө хэсэг нь ослоос урьдчилан сэргийлэх арга замыг бүтээлдээ тусгажээ.