COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)”-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. 

Өнөөдрийн байдлаар COP17 хурлын цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт, шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан. Авто зам, зогсоолын байгууламж барих нийт ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна. Дугуйн замын нийт ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна тохижилтын ажлын хүрээнд 100 ширхэг модыг шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4500 мод тарих ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлээс хариуцаж байгаа ажлын хүрээнд COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ” LIRI групп” компани ажиллаж, гадна барилга угсралтын ажлыг дууслаа. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглах юм.

COP 17 хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг өндөр түвшний олон улсын форум бөгөөд 196 орны 8 мянгаас 10 мянга орчим зочид, төлөөлөгч оролцох төлөвтэй байна. COP17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна.