О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцож чадахгүй бол өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавина

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцож чадахгүй бол өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавина

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.06.08/ болж, дөрвөн асуудлаар мэдээлэл солилцон байр сууриа нэгтгэлээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн мэдээлснээр, бүлгийн хуралдаанаар УИХ-д хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт намын дотоод үйл ажиллагаа болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгчээ.

Түүнчлэн АН-ын бүлгээс хоёр долоо хоногийн өмнө Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцуулах шаардлагыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу ирээгүй. Хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь байх гэж ойлгож байгаа. Өнөөдөр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэж "Ерөнхий сайдаас хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох тухай асуудлыг тавих нь зүйтэй" гэсэн байр сууринд хүрлээ. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга нар асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллах зүйтэй гэдэг байр суурийг гаргалаа гэсэн юм. 

Харин өнгөрсөн баасан гарагт АН-ын бүлгийн гишүүд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд төрийн оролцоо хэт тэлсэн энэ үед эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ВИДЕО: