Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багийн нутаг дахь авто зогсоолд ачааны автомашинууд шатаж байна гэсэн дуудлага 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 20:22 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиход хоёр ачааны автомашин шатаж байжээ. Цахим орчинд нийтлэгдсэн иргэний бичлэгт шөнийн харанхуйд их хэмжээний гал гарч, өтгөн хар утаа суунаглаж буй нь харагдаж байна.
ВИДЕО:
Замын-үүдэд оочeрлож байсан машин шатжээ‼️ pic.twitter.com/4kowCNU5hp
— Мягмартогтох Далай (@miigaasbntv) June 9, 2026
Онцгой байдлын газрын мэдээлснээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас БНХАУ-ын чиглэлд тус бүр 33 тонн буталсан дугуйны бэлдэц тээвэрлэж явсан иргэн Э-ын эзэмшлийн “Beiben North Benz ND4250” загварын зүтгүүр, иргэн Х-ийн эзэмшлийн “Beiben North Benz ND4257” загварын зүтгүүрүүд галд өртсөн байна. Алба хаагчид шуурхай ажиллаж галыг унтраасан бөгөөд гал түймрийн улмаас хүн бэртэж гэмтээгүй аж. Одоогоор холбогдох байгууллагууд гал түймрийн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.