Сүүлийн жилүүдэд Сүхбаатарын талбайд том, жижиг асрууд байгуулж, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах болсон. Үүний хамгийн том жишээ нь 4000 хүний багтаамжтай, улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох энэхүү асар юм.
Тус асрыг өнгөрсөн жил UB Food Festival олон улсын хоолны өдөрлөгт зориулан анх барьж байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон энэ жилийн фестивальд зориулан дахин бариад байсан юм. Улмаар Ерөнхий сайд Н.Учрал дөрөвдүгээр сарын 28-нд төрийн байгууллагуудын зардлыг танах, олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх чиглэл бүхий албан даалгавар гаргасан. Тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг уг асрыг 300 сая төгрөгөөр барьсан бөгөөд буулгахад 100 гаруй сая төгрөг шаардлагатай гэж тайлбарласан нь олон нийтийн дунд эгдүүцлийг төрүүлж байсан юм.
Тэгвэл энэхүү асрыг өнөөдөр буулгаж эхэлсэн байна. Одоогоор дээвэр, ханын хулдаасыг хуулаад, дуусах шатандаа ороод байгаа аж. Ажилчдын мэдээлснээр "Өнөөдөртөө хулдаасан бүрээсийг хуулж дуусаад, төмөр хийцийг нь маргааш буулгаж дуусна" гэсэн юм.