Ж.Баярмаа нарын ХХОАТ-ын төслийг ЗГ-ын татварын багц хуультай нэгтгэж, 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулах хувилбар дэвшүүлжээ

Ж.Баярмаа нарын ХХОАТ-ын төслийг ЗГ-ын татварын багц хуультай нэгтгэж, 2 сая төгрөг хүртэлх орлогод 1 хувийн татвар ногдуулах хувилбар дэвшүүлжээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ.

Олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгээд буй уг хуулийн төслийн талаар хуулийн төсөл санаачлагч Ж.Баярмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгчээ.

Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, төсөл өргөн баригдсаны дараа түүнийг хэрхэн өөрчлөхийг ажлын хэсэг шийддэг. Өчигдөр хуралдсан ажлын хэсэг бидний өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхдээ “Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг дэмжсэнгүй. Энэ нь тун харамсалтай. Оронд нь зөвхөн 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1%-ийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн. Энэ ангилалд нийт цалин авч буй иргэдийн 53% буюу бараг 500 мянга орчим нь хамрагддаг тул оргүйд орвол гээд саналыг хүлээн авахаас өөр сонголт байсангүй. Мөн нэг эерэг өөрчлөлт нь иргэдийн цалингийн 792,000 төгрөг төлсөн татварыг дараа нь буцаан олгохын оронд анхнаас нь татвараас чөлөөлж, 0%-тай байхаар тусгасан явдал юм” гэжээ.

Хэрэв дээрх өөрчлөлтүүд эцэслэн батлагдвал 792 мянган төгрөг хүртэлх орлого 0 хувийн, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлого 1 хувийн татвартай болох юм. Түүнчлэн 2 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний цалинтай иргэдийн гар дээр сар бүр ойролцоогоор 188 мянган төгрөгөөр илүү мөнгө үлдэх тооцоо гарчээ. Тухайлбал, 2 сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдрийн байдлаар 200 мянган төгрөгийн татвар төлдөг бол шинэ зохицуулалт хэрэгжсэнээр 12 мянган төгрөгийн татвар төлөхөөр байна.