Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн багц хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр өнөөгийн тэтгэврийн тогтолцоо шударга бус болсон бөгөөд олон жил хөдөлмөрлөсөн иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж хангалттай тусгагдахгүй байгааг онцлов. Монгол Улсад одоогоор 504 мянган тэтгэвэр авагч байгаа бөгөөд тэдний 57 хувь нь буюу 10 хүн тутмын зургаа нь 769 мянган төгрөгийн доод хэмжээний тэтгэвэр авч байна. Түүнчлэн доод хэмжээний тэтгэвэр авч буй гурван хүн тутмын нэг нь гурван жилээс дээш хугацаагаар ажилласан байдаг нь хөдөлмөрлөсөн хугацаа, төлсөн шимтгэлтэй нь уялдсан шударга тогтолцоо бүрдээгүйг харуулж байна гэв.
Мөн хүн амын дундаж наслалт нэмэгдэж, тэтгэвэрт гарснаас хойш амьдрах хугацаа уртассан нөхцөлд өнөөгийн тогтолцоог шинэчлэх шаардлага үүссэнийг онцоллоо. Өнөөдрийн байдлаар хоёр даатгуулагч нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг санхүүжүүлж байгаа бол 2050 он гэхэд нэг даатгуулагч нэг тэтгэвэр авагчийг тэтгэх түвшинд хүрэх тооцоо гарсан байна.
Шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн цалин бодох дээд хязгаар 1.4 сая төгрөг байсан бол 2018 оноос хойш 2.4 сая төгрөг болсон. Үүнээс шалтгаалан ижил төстэй хөдөлмөр эрхэлж байсан ч сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүс илүү өндөр тэтгэвэр авах нөхцөл бүрдсэн байна.
Иймээс 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон, цалингийн дээд хязгаараар тооцогдож байсан 140 мянга орчим иргэний тэтгэврийг 2.4 сая төгрөгийн сууриар дахин тооцох санал боловсруулжээ.
Мөн 504 мянган тэтгэвэр авагчид хөдөлмөрлөсөн жил, авч буй тэтгэврийн хэмжээнээс нь хамааран 100-300 мянган төгрөгийн ялгамжтай нэмэгдэл олгохоор тооцсон байна. Жишээлбэл, 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож 10 жил ажилласан иргэний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэх бол нэг сая төгрөгийн тэтгэвэртэй, 15 жил ажилласан хүний тэтгэвэр 160 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж.
Түүнчлэн 25 жилээс дээш ажилласан иргэдэд олгодог нэмэгдлийг одоогийн 1.5 хувиас 2 хувь болгон өсгөж, олон жил хөдөлмөрлөсөн иргэдийг илүү урамшуулах тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Харин хуульд заасан наснаас хойш буюу 60 насандаа тэтгэвэрт гарсан тохиолдолд тэтгэвэр 12 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой бол эрт тэтгэвэрт гарсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг бууруулах зохицуулалт тусгагдсан байна.
Ерөнхий сайд Н.Учралын хэлснээр шинэчлэл зөвхөн өнөөгийн ахмадуудад бус залуу үеийн ирээдүйн баталгаанд чиглэж байгаа гэлээ.
Тодруулбал, иргэд нийгмийн даатгалын шимтгэлдээ төлдөг мөнгөнөөсөө нэг хувийг хуримтлалын дансанд төвлөрүүлэхээр сонговол төрөөс нэмэлтээр 0.5 хувийн дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг мөн тусгажээ. Иргэд хуримтлуулсан мөнгөө бонд худалдан авах, эсвэл өөр төрлийн хуримтлалд байршуулах сонголтоо өөрсдөө хийх боломжтой байна.
Мөн хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах, бичил бизнес эрхлэгчдийн шимтгэлийн ачааллыг бууруулах зэрэг зохицуулалтыг багц хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, албан бус хөдөлмөр эрхлэгчид сайн дураар нийгмийн даатгалд хамрагдсан тохиолдолд эхний 24 сарын шимтгэлийн 50 хувийг хөнгөлөхөөр төлөвлөсөн байна.
Түүний мэдээлснээр энэхүү шинэчлэл хэрэгжсэнээр тэтгэврийн тогтолцоо илүү шударга болж, олон жил хөдөлмөрлөж, илүү их шимтгэл төлсөн иргэд илүү өндөр тэтгэвэр авах нөхцөл бүрдэх юм. Харин шинэчлэлийн нийт зардал улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн ачаалал үүсгэхээр байгаа бөгөөд Засгийн газар холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.