“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино зургаадугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” баримтат кино зургаадугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

“Ноорог” медиагийн бүтээсэн “18 хоног” сонгогчийн боловсрол олгох баримтат киноны албан ёсны постер өнөөдөр олон нийтэд цацагдлаа.

Тус бүтээл нь 2024 оны УИХ-ын сонгуулийг сонгогчдын өнцгөөс баримтжуулсан бөгөөд ямар нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчээс хараат бусаар бүтээгдсэнээрээ онцлог юм. Уран бүтээлчдийн мэдээлснээр баримтат киноны зураг авалтыг хоёр жилийн өмнө дуусгасан бөгөөд олон шатны боловсруулалтын ажлын дараа үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

“18 хоног” кинонд хот, хөдөө орон нутаг болон гадаадад амьдарч буй таван иргэний амьдралаар дамжуулан сонгуулийн үйл явц хэрхэн өрнөдөг, сонгууль иргэдийн хувьд ямар утга учиртай болохыг харуулсан байна.

Ингэхдээ улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн бус, сонгогчдын нүдээр сонгуулийн дүр төрхийг өгүүлснээрээ онцлог аж. Баримтат киноны нээлт энэ сарын 18-нд болох бөгөөд үүний дараа үзэгчид IPTV платформуудаар дамжуулан хүлээн авч үзэх боломжтой юм.

Эргэн сануулахад, "Ноорог.мн” сайтын залуус “18 хоног” нэртэй 2024 оны УИХ-ын сонгуулийн тухай баримтат кино хийж байгаагаа өмнө нь мэдээлж байсан юм. Улмаар 2025 оны гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Ноорог”-ийн найман ажилтныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “хойшлуулшгүй шалгах ажиллагаа” гэх үндэслэлээр саатуулан байцааж, редакцын техник хэрэгслийг хураан авч байв.