О.Цогтгэрэл: Авлигатай тэмцэх амлалтууд бодит үр дүнд хүрээгүй нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох бас нэг үндэслэл

О.Цогтгэрэл: Авлигатай тэмцэх амлалтууд бодит үр дүнд хүрээгүй нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох бас нэг үндэслэл

Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон татварын шинэчлэлийн асуудлаар намын байр суурийг танилцууллаа.

Тэрбээр Ардчилсан нам өнгөрсөн даваа гарагаас эхлэн улс төрийн сөрөг хүчний хувьд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгааг онцолсон юм.

О.Цогтгэрэл "Ардын хүүхдийн амь нас яагаад авлигач Засгийн газар, авлигач тогтолцоонд хямдхан үнэлэгдэх ёстой юм бэ гэсэн асуулт үүний цаана бий. Ерөнхий сайд бидний тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй. Үүнийг хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь гэж ойлгож байгаа учраас Ерөнхий сайд өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой өмнө нь олон нийтэд мэдээлэгдэж байсан хэргүүдийн явц тодорхойгүй болсон талаар шүүмжилсэн юм. Тухайлбал, "Өдөр тутам яригдаж байсан өндөр дүнтэй авлигын хэргүүд хаачсан бэ. 110 сая ам.долларын хэрэг, Бортээгийн нүүрсний ордтой холбоотой асуудал, олон сая ам.долларын шилжүүлгийн хэргүүдийн мөрдөн шалгалт ямар шатанд явж байгаа нь тодорхойгүй байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр цааш нь Монгол Улсын Ерөнхий сайд хууль хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд тодорхой үүрэг хүлээдэг бөгөөд Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгооноос эхлээд олон асуудалд нөлөөтэй албан тушаалтан гэдгийг онцолсон юм. Мөн Ерөнхий сайд Н.Учралын авлигатай тэмцэх чиглэлээр өгч байсан амлалтууд бодит үр дүнд хүрсэн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, энэ нь түүнд улс төрийн хариуцлага тооцох үндэслэлийн нэг гэж үзэж байгаагаа мэдэгдэв. 

ВИДЕО: