Хотын дарга Б.Пүрэвдагва сошиалаар ажлаа "заалгаж" байгаа нь Сэлбэ дэд төв болон Натур орчимд ажилласан бичлэгүүдээс нь харагдаж байна

Хотын дарга Б.Пүрэвдагва сошиалаар ажлаа "заалгаж" байгаа нь Сэлбэ дэд төв болон Натур орчимд ажилласан бичлэгүүдээс нь харагдаж байна

Хотын дарга Б.Пүрэвдагва томилогдсон цагаасаа хойш сүржин мэдэгдэл хийж, олны анхаарлыг татсаар байна. Тодруулбал, “Хуримаа цуцалж, халуун тогоо руу үсэрч орлоо”, “шөнө унтахгүй ажилласан” гэх мэтээр ажил хийдэг хүний дүрийг нийгэмд харуулахыг ихэд хичээсэн.

Түүнчлэн томилогдсоныхоо дараа “Манай хотын иргэдэд юу хамгийн түрүүнд тулгамдаж байна, тэндээс ажлаа эхэлнэ. Иргэдийн судалгаа шинжилгээ, санал хүсэлт, байр суурь, итгэлцэл дээр бид ажлаа явуулна” хэмээн ярьж байлаа. Ингээд нээрээ л хэлснээрээ ажиллаж байна. Сошиалд иргэд юу гэж бичнэ, ямар ажил хийхийг шаардана, яг тэр ажлын араас Хотын дарга хөөцөлдөж байгаа нь харагдаж байна. 

Тодруулбал, гурван жил үргэлжилж буй Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг нийслэлийн иргэд нүдээ ширгэтэл хүлээж, энэ талаар сошиал орчинд ч яриа тасардаггүй. Ингээд иргэдийн хүсэлтээр Хотын дарга амралтын өдөр дугуйтай дэргэдүүр нь явж бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна. Тэгэхэд хэн ч байгаагүй учир ажлын өдөр хослолоо өмсөөд дахин очиж, иргэд их хүлээж байгаа тул ажлаа хурдан дуусгахыг ажил гүйцэтгэгчдээс “гуйсан” аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын хамгийн нягт суурьшилтай бүс болох Натур хавийн оршин суугчидын нэмж барилга бариулахгүй байх, хүүхдүүд тоглож, иргэд нарлаж суух хэсэгхэн газраа хамгаал хүсэлтийн дагуу газар дээр нь ажиллаж дүрэм журам, стандарт зөрчин олгосон газруудын эрхийг цуцалж, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах шийдвэр гаргасан юм. Ямартай ч өнөөдөр хотын даргын ажлын төлөвлөгөөг мэргэжлийн баг нь бус, сошиал дахь иргэдийн пост, сэтгэгдэл тодорхойлж байгаа мэт дүр зураг харагдах болов.