Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлгүй аюулгүй ажлын байрыг бий болгох зорилготой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян орон даяар үргэлжилж байна.
Тус аяныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймаг, сум, дүүргийн холбогдох байгууллагууд, жижиг, дунд үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Аян өмнө нь нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжсэн бөгөөд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Дундговь аймагт үргэлжилж байна.
Аяны нээлтийн үеэр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир хэлсэн үгэндээ, аймгийн хэмжээнд 2023–2025 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нийт 24 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь хүнд хохирол учруулсныг онцлон тэмдэглэв. Тэрбээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нэн шаардлагатай байгааг онцолж, цаг үеэ олсон арга хэмжээг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Энэ үеэр Дундговь аймгийн ажил олгогчид болон удирдах ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сургалтад 200 орчим хүн хамрагдсан байна. Сургалтаар оролцогчдод аюул, эрсдэлийг таних, үнэлэх, бууруулах арга зүй, урьдчилан сэргийлэх практик мэдлэг олгож, сургалтын төгсгөлд сертификат гардуулжээ. Цогц аяны гол зорилго нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоог бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, эрсдэлийг эрт илрүүлэн арилгах мэдлэг, чадварыг ажил олгогчид болон ажилтнуудад эзэмшүүлэхэд чиглэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцоог байгууллага бүрд үр дүнтэй хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж, ажилтан бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдэх юм.