Isee.mn мэдээллийн сайт Social ID булангийн ээлжит ярилцлагаа БНСУ-ын дугуйтай аялагч, юүтүбэр Жон Сүгём -тэй хийлээ. Тэрбээр БНСУ-аас аяллаа эхлүүлж, БНХАУ, ОХУ-аар дамжин Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм. Монгол Улсад хоёр сарын хугацаанд аялаад цааш Төв Азийн орнуудыг зорих зорилготой байгаа. Үзэгчид түүнийг Зүүнхараа орчимд майхнаа барих үедээ унадаг дугуйгаа алдаж, улмаар эргүүлэн олж авсан үйл явдлаар нь сайн мэдэх болсон. Ингээд түүнтэй аялж эхэлсэн түүх, Монголд ирсэн сэтгэгдэл, аяллын замд тохиолдсон адал явдлынх талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Юуны өмнө урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад яривал.
-Намайг Жон Сүгём гэдэг. Солонгос улсаас Монгол Улсад ирсэн. Юүтүбэд бичлэг хийж, дугуй унаад дэлхийгээр аялаж байгаа хүн байна.
- МИНИЙ АЯЛЖ БАЙСАН УЛСУУДААС ХАМГИЙН ГОЁ НЬ МОНГОЛ -
-Унадаг дугуйгаар олон улс дамнан аялах санаа анх хэрхэн төрсөн бэ. Аялалын мартшрутдаа Монгол Улсыг багтаах болсон шалтгаан тань юу вэ?
-Дугуйтай аялалыг нэг жилийн өмнөөс төлөвлөж эхэлсэн. Дугуйтай аялал хийх болсон шалтгаан нь олон орны соёлыг судалж, янз бүрийн газраар явж үзэх сонирхолтой минь холбоотой. Аялаж байгаа улсуудын минь монгол улс багтсан шалтгаан өмнө нь монголд ирж байсан юүтүбэрүүдийн бичлэгийг үзээд би монголчууд сайхан сэтгэлтэй, эелдэг, тусархаг хүмүүс байдгийг мэдэж заавал монголд очно гэсэн зорилго тавьсан. Бас нэг зүйл нэмж хэлэхэд Physical Asia шоуг үзээд, монголчуудыг маш их хайрлаж энэ хүмүүстэй уулзмаар санагдсан.
-Physical Asia-д монголын зургаан тамирчин оролцсон шүү дээ. Тэр хүмүүсээс хэнийг нь хамгийн их дэмждэг вэ?
-Тулаанч О.Энх-Оргилд би маш их дуртай. Би бас өмнө нь боксоор хичээллэдэг байсан.

-Ганцаараа аялана гэдэг маш зоригтой шийдвэр. Ганцаараа аялахад ямар мэдрэмж төрж байна вэ?
-Ганцааараа аялахад надад ямар нэгэн айдас төрдөггүй ээ. Айдастай хэцүү зүйл тулгарвал үүнийг би яаж шийдэх вэ гэдэгт л төвлөрдөг. Иймэрхүү нөхцөл байдалд би дуртай учраас ганцаараа аялах нь надад таалагддаг.
-Цаашид ямар маршрутаар хэдий хугацаанд аялахаар төлөвлөөд байна вэ? Монголд хэр удах вэ?
-Би цаашид Казаксан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Жоржиа, Турк улсуудаар аялахаар төлөвлөсөн. Аялалдаа нэг жилийн хугацаа зарцуулахаар төлөвлөөд байгаа. Энэ хугацаанд миний төсөвлөсөн мөнгө маань дуусчихвал харин Солонгос руугаа буцаад явна даа.
-Монгол улсын хилээр дугуйтай орж ирэхэд анх ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Монгол орны байгаль, зам, хүмүүсийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-ОХУ-аас наашаа орж ирэхэд байгаль орчин, хүмүүсийн харилцаа шал өөр болсон. Би угаасаа монголчуудыг найрсаг хүмүүс гэдгийг мэдээд зорьж ирсэн ч хүмүүсийн харилцаа миний бодсоноос ч илүү эелдэг байсан. Дээрээс нь байгаль нь ч маш гоё. Дугуйтай явж байхад хажуугаар морь давхиад л. Миний аялж байсан улсуудаас хамгийн гоё нь монгол байсан.

-БИ ӨӨРӨӨ ДУГУЙГАА ЯГ ХАЯГДСАН ДУГУЙ ШИГ ОРХИОД МАЙХНАА БАРЬЖ БАЙСАН УЧРААС ХУЛГАЙ ГЭЖ БОДООГҮЙ-
-Зүүнхараа орчимд хоноглохоор майхнаа барьж байхдаа дугуйгаа алдсан. Тэр үед яг юу болсон талаар бидэнд ярьж өгөөч. Дугуйгаа алга болсныг анх мэдсэн мөчид юу бодогдсон бэ? Айсан уу?
-Дугуйгаа алдангуутаа ямар ч байсан Улаанбаатар хот оръё л гэж бодсон. Тэгээд дараа нь дахиж дугуй худалдаж авах уу, эсвэл шууд Солонгос руу буцаад явах уу гээд олон зүйл бодсон.
-Та майхнаа барьж байх хоорондоо дугуйгаа алдсан гэж байна. Майхнаа барихад ер нь хэдий хэр хугацаа зарцуулсан бэ? Дугуйгаа тийм удаан орхисон юмуу?
-Дугуйгаа алга болгодог өдрөө би олон цаг дугуй унаад маш их ядарчихсан байсан. Явж байгаад нэг өгсүүр газар майхан барихаар болсон. Дугуйгаа доор тавьчихаад дээшээ өгсаж майхнаа барьчихаад, юм идээд сууж байтал хоёр монгол хүн гарч ирсэн. Тэр үед гэнэт дугуйгаа санаад доошоо буусан чинь дугуй маань алга болчихсон байсан. Энэ хооронд 30 минутын л хугацаа өнгөрсөн. Майхан руу маань гарч ирсэн хоёр монгол хүн надад туслаад Улаанбаатар хот руу хүргэж өгсөн. Тэр хүмүүст маш их талархаж байгаагаа бас хэлье.
-Таныг дугуйгаа алдсан тухай монголын мотоциклтой аялагч н.Сүхнаран гэдэг хүн сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл түгээж, бид мэдсэн шүү дээ. Тэр хүнтэй та яаж холбогдсон бэ. Өмнө нь таньдаг байсан уу?
-Дарханд аялж байхдаа мотоциклоор аялдаг Солонгос хүнтэй таарч танилцсан байсан юм. Дугуйгаа алдсаны дараа тэр хүн маань н.Сүхнаран гэдэг хүнтэй холбож өгч, сошиал сүлжээнд тавьсан. Тэр хүний ачаар олон хүмүүс миний дугуйгаа алдсан тухай мэдээллийг түгээж, дугуйгаа олсондоо маш их баярлаж байгаа.
-Таныг дугуйгаа алдсаны дараа монголчууд бүгдээрээ танд санаа совниж, дугуйг нь олж өгье гээд бүгдээрээ сошиалаар идэвхтэй алдагдсан тухай мэдээллийг хуваалцаж байсан. Энэ танд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
-Ер нь бол фейсбүүкэд пост оруулсныг нь мэдэж байсан. Гэхдээ ингэж олонд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Өчигдөр дугуйг минь авчирч өгсөн хүн нь таны дугуй шүү гээд намайг шууд таньж байсан. Бас өнөөдөр байрлаж буй буудлаасаа гарахад захирал нь намайг таньж байсан. Тэгээд би миний бичлэг олон хүнд хүрсэн юм байна гэж мэдсэн.
-Дугуй алдсан тухай олон нийтийн сүлжээгээр тархаж эхлээд, манай цагдаа нар шалгаж эхэлсэн. Харин та бол энэ хулгай биш байхаа, хэн нэгэн андуурч авч явсан байхаа гэж үзэж байсан юм байна лээ. Яагаад тэгж бодсон бэ? Цагдаад мэдэгдэхгүй байх шийдвэрийг яагаад гаргасан бэ?
-Би замын хажууд дугуйгаа хэвтүүлээд үлдээчихсэн юм л даа. Харагдах байдал нь яг л хаягдсан дугуй шиг байсан байх. Хэвтүүлээд тавьчихсан, дээрээс нь ойр хавьд нь ямар ч хүн байхгүй байсан учраас хулгай гэж огт бодоогүй. Дугуйгаа алга болгосныхоо дараа аавтайгаа яриад хэлсэн чинь аав маань “хэвтүүлээд тавихаар чинь хүн хаячихсан юм байна гэж ойлгоод аваад явна шүү дээ” гэсэн. Тийм учраас хаясан дугуй шиг орхисон нь миний л буруу гэж бодоод цагдаад мэдэгдээгүй.
-Таны дугуй бас бидэнд сонин байна л даа. Энэ дугуйгаа хэдэн жил унаж байгаа вэ? Холын аялалд гарах гэж байгаа учраас бас тоноглож сайжруулсан байх.
-Энэ дугуй маань өмнө нь хүний хэрэглэж байсан хуучин дугуй. Би хоёр сарын өмнө аялалаа эхлүүлээд авсан. Дугуйндаа майхан, мишок, миний ганц нэг хувцас, камер бас нөүтбүүк байгаа.
-Монголд бас олон орон дамжин дугуйтай аялдаг хүмүүс олон бий. Жишээ нь, монголын хөлбөмбөгийн тамирчин дэмждэг хөлбөмбөгчинтэйгөө уулзахын тулд Англи улсыг зорьж дугуйгаар аялсан. Таны хувь эцсийн том зорилго байгаа юу. Эсвэл зүгээр л аялах нь таны зорилго юмуу?
-Надад ч бас зорилго байгаа. Би ирээдүйд өөрийн гэсэн guest house буюу зочны байшинтай болохыг хүсдэг. Тэгэхээр орон орноор аялж энэ газруудын давуу, сул талыг байнга тэмдэглээд явж байгаа. Бас орон орны соёлтой танилцах зорилготой .
-Монгол орны guest house ямар онцлогтой байна вэ?
-Монголын guest house-д ирэхэд маш гоё дулаахан, хүмүүс нь ч эелдэг найрсагаар хүлээж авсан. Орчин нь ч тухтай цэвэрхэн байсан.
-Монголд хоёр сарын аялал төлөвлөчихсөн байгаа гэж байна. Аяллын маршрутыг тань сонирхож болох уу.
-Нарийн зураглал гаргаагүй л байна. Ямар ч байсан Булган хүртэл явна даа. Булган явах зам маань урт учраас хугацаа зарцуулах байх. Гэхдээ хийж үзмээр байгаа зүйл олон байгаа. Морь унаж, монгол гэрт хонож үзмээр байна. Дээрээс нь бас монголын тэнгэр дэх дүүрэн одыг харж хонож үзэхийг хүсч байгаа.
-Та бас монгол хоолонд дуртай гэсэн. Ямар хоолонд дуртай вэ?
-Монгол хоолонд маш их дуртай. Мах орсон байвал ямар ч хоолонд дуртай. Энэ дундаас онцгойлон хуушуур, бууз хоёрт илүү дуртай.
- БОЛДОГ БОЛ БҮХ МОНГОЛЧУУДЫН ӨМНӨ ОЧООД СӨГДӨЖ МӨРГӨН, ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛМЭЭР БАЙНА-
-Монголд орж ирээд монголчуудтай анх уулзахад ямар байсан бэ. Монголчууд ер нь ямархуу хүмүүс байна вэ?
-Монголын хилээр орж ирэхэд хамгийн түрүүнд нэг портерын жолооч ах над руу ирээд солонгосоор “Чи солонгос хүн үү” гэж асуугаад ярилцахад би маш их гайхаж, бас баярласан. Дараа нь Сэлэнгэд очоод кофе шопд ороход захирал нь бас солонгосоор надтай ярьсан. Монголчууд маш эелдэг, найрсаг хүмүүс шүү.

-Хэрвээ нэг монгол залуу Солонгост аялж яваад дугуйгаа алдчихвал Солонгосчууд ямар хандлага гаргах бол?
-Яг л адилхан байх аа. Солонгост ийм зүйл тохиолдсон бол бас л олж өгөхийн тулд хичээх байх. Манайд өмнө нь бас ийм зүйл тохиолдож байсан. Манай улсад дугуйн аялалаар ирж байсан гадаад хүн дугуйгаа алдахад нэг өвөө туслаад, унаагаар үйлчилж байсныг нь би маш сайн санаж байна.
-Миний асуулт энэ хүрээд өндөрлөж байна. Танд өөр монголчуудад хандаж хэлэх зүйл байна уу?
-Би дугуйгаа алдчихаад нэг хүнд хандив болгож өгсөн гээд л бодчихъё л гэсэн бодолтой байсан. Гэтэл нэг өдөр ч болоогүй байхад буцаагаад олдсонд маш их баярласан. Ийм зүйл болсонд итгэж ч чадаагүй. Дугуйг минь олоход тусалсан бүх хүмүүстээ маш их баярлаж байна. Одоог хүртэл дугуйгаа олсондоо итгэж чадахгүй л байна. Бас миний дугуйгаа алдсан тухай мэдээг харсан гурван монгол хүн “би чамд дугуйгаа өгье” гэсэн. Тэр хүмүүст онцгойлон талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Цаашдын аялалд нь амжилт хүсээд монголчуудын хол явж байгаа хүндээ хэлдэг "Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай" гэсэн ерөөлийн сайхан үгээр энэхүү яриагаа өндөрлөе.
-Та бүхэнд маш их баярлалаа. Солонгосчууд хамгийн их хүндэтгэдэг хүмүүстээ өвдөг дээрээ сөхөрч сууж байгаад мөргөж хүндэтгэлээ үзүүлдэг юм. Хэрвээ болдог бол монголын бүх хүмүүст би ингэж мөргөж талархлаа илэрхийлмээр байгаа.