Нутгийнхаа бөхчүүдэд 100 саяын хаус бэлэглэсэн С.Анхбаяр "ДЦС-4"-ийн захирлаар ажиллаж байхдаа хахуулийн хэргээр ял сонсож байжээ

Нутгийнхаа бөхчүүдэд 100 саяын хаус бэлэглэсэн С.Анхбаяр "ДЦС-4"-ийн захирлаар ажиллаж байхдаа хахуулийн хэргээр ял сонсож байжээ

Үндэсний их баяр наадам болон аймаг, сумдын баяр наадам сар хүрэхгүй хугацааны дараа болно. Тиймээс ч бөхчүүд бэлтгэл сургуулилтандаа гарч, уяачид морьдоо сойх их ажил хэдийнэ эхэлжээ.

Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Баянхонгор аймгийн “Тэргүүн богд” бөхийн дэвжээ Үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ гарсан байна. Харин “Увс нуур” бөхийн дэвжээ энэ жил Н.Батсуурь аваргын Ар Гүнтийн аманд шинээр үүсгэн байгуулсан “Basu Sport Complex”-д бэлтгэлээ хийж байна. Улмаар ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэлд зориулан “Basu Sport Complex”-д хоёр ширхэг хаус хэлбэрийн сууцыг барьж өгчээ. Энэ тухай Дархан аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсандаа байршуулсан юм.

ВИДЕО:

"ДЦС-4 ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН С.АНХБАЯР НУТГИЙНХАА БӨХЧҮҮДЭД 100 ОРЧИМ САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ ХАУС БАРЬЖ ӨГЧЭЭ"

Тус видео бичлэгээс харахад хаус хэлбэрийн орон сууц нь 30–40 м.кв орчим хэмжээтэй харагдах бөгөөд нэг бүрийн зах зээлийн ханш нь 40–50 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Цаашлаад энэ төрлийн байшингийн суурь цутгах ажил 2–4 сая төгрөгөөр хийгддэг гэж үзвэл ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр нутгийнхаа бөхчүүдэд багадаа л 100 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийж өгчээ.

Харин олон нийтийн хувьд ДЦС-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн энэ их хэмжээний бэл бэнчинтэй болох боломжтой юу хэмээх асуултыг асуух болсон. Өдгөө төрийн өмчит компани, тэр дундаа цахилгаан станцын салбарын цалин, хангамж бага хэмээн салбарынхан нь хэлдэг.

"С.АНХБАЯР НЬ 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН НЬ ТОГТООГДОЖ, ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЧ БАЙВ"

Тэгвэл ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр гэж хэн болох талаар сануулья. С.Анхбаяр нь 2016–2018 оны хооронд “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашигласан болон авлига авсан гэх үндэслэлээр шалгагдаж, 2018 оны гуравдугаар сард хуулийн байгууллагаас түүнийг саатуулж байв. Тухайн хэргийг шүүхээр шийдвэрлэж, улмаар С.Анхбаярыг ажил үүргээс нь чөлөөлсөн түүхтэй.

Тодруулбал, “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанийн захирал С.Анхбаяр, тус компанийн Зуухан цехэд судалгааны инженерээр ажиллаж байсан Л.Дэмбэрэлням нар албан тушаалаа урвуулан ашигласан болон авлига авсан хэрэгт холбогдсон. Тэдэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны есдүгээр сарын 27-нд хэлэлцэж, тус хоёр хүнийг “ДЦС-4” компанид тэрбум гаруй төгрөгийн үнэтэй зуухны тоноглол хамтран нийлүүлэхдээ 100 сая төгрөгийн хахууль өгч, авалцсан хэмээн буруутгасан юм.

Ингээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил хорих ял оноож байв. Харин хахууль өгсөн хэрэгт холбогдсон Л.Дэмбэрэлнямыг дээрх хуулийн 22.5.1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор эд зүйл өгсөн” гэм буруутай гэж үзэн, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорихоор болсон.

"УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ТОРГУУЛЬ БОЛГОН ӨӨРЧИЛСӨН"

Гэтэл нэг жилийн дараа буюу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Дэмбэрэлням, С.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 3-р сарын 20-ны өдөр хянан хэлэлцсэн.

Ингэхдээ Л.Дэмбэрэлнямд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох, С.Анхбаярт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, 27 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилсөн.

Тухайн үед түүний ялыг хөнгөлүүлсэн хүн бол тухайн үеийн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэмээх таамаг хүчтэй өрнөөд өнгөрч байлаа. Учир нь Ц.Нямдоржийн багшийн хүү бол С.Анхбаяр. Үүнийг ч Ц.Нямдорж хуурай дүү хэмээн өөрөө баталж, хэлдэг байв.

Мөн тухайн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурц “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал С.Анхбаяр гэж залуугаараа дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм” гэж мэдээлж байсан удаатай.

"С.АНХБАЯРЫН ХҮРЭН ХАЛЗАН СОЁОЛОН ДҮНЖИНГАРАВ-2026 ХАВРЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНД АЙРГИЙН ТАВД ХУРДАЛСАН"

Харин өдгөө ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр юу хийдэг нь тодорхойгүй хэвээр. Тэр ч үүнийгээ маш их нууцалдаг. Гэхдээ түүний нэг хобби бол хурдан морь. Тэрбээр олон хурдан морь сойж, аймаг, улсын наадамд уралдуулдаг нэгэн. Үүнийг хурдан морь сонирхогчид болон нутгийнхан нь андахгүй сайн мэднэ. Тухайлбал, хамгийн сүүлд түүний "Хүрэн халзан" соёолон “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаанд айргийн гуравт хурдалсан. Түүний морийг Монгол Улсын тод манлай уяач М.Цэрэнжав уядаг аж. Мөн зарим морио тэрбээр өөрийн хүү А.Анхжаргалын нэр дээр уралдуулдаг байна. Тодруулбал, Увс аймгийн Малчин сумын 100 жилийн азарга насны хурдан морины уралдаанд “халзан азарга”-аа хүүгийнхээ нэр дээр уралдуулж, наймд орж ирж байсан.

"С.АНХБАЯР НУТГИЙНХАА АВАРГА С.МӨНХБАТТАЙ ХАМТРАН АЛЬФА МЕДИКАЛ СПОРТЫН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМНЭЛГИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА"

Цаашлаад ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр нутгийнхаа аварга С.Мөнхбаттай хамтран “Альфа Медикал” спортын сэргээн засах эмнэлгийг үүсгэн байгуулж магадгүй байна.

Улмаар тус эмнэлэг Парис 2024 зуны олимп болон паралимпийн наадамд оролцсон Монголын үндэсний шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, нөхөн сэргэлтэд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр төлөөлж явж байжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө