Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.06.15/ болж, нийслэлийн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг албан ёсоор ашиглалтад орлоо.
Төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслол анх 2018 оны наймдугаар сард болж байсан бол 2019 оны хоёрдугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүрэгт шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг зохион байгуулж байв. Үүнээс хойш барилгын ажлын явцад бетон цутгалт, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын ус оруулах зэрэг үе шатны арга хэмжээнүүд шат дараатай зохион байгуулагдсан бөгөөд ийнхүү бүтээн байгуулалтын эхлэлээс хойш долоон жилийн дараа албан ёсны нээлтээ хийлээ.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр хаягдал усыг 98 хүртэлх хувийн үр ашигтайгаар цэвэрлэх хүчин чадалтай, 55 барилга байгууламжаас бүрдэх бүрэн автомат үйлдвэр юм. Энэхүү байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн бохир ус цэвэрлэгээний хүчин чадал нэмэгдэж, Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.