Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол хүртэлх 4.2 км урттай дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтын ажил 75 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд ган татлага татах, сүвлэх зэрэг инженерийн нарийн төвөгтэй ажлуудыг бүрэн дуусгажээ. Харин хоёр буудал болон гараашийн барилгын ажил үргэлжилж байгаа аж. Дүүжин замын төслийг 2025 оны гуравдугаар сарын 10-наас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 51 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэсэн байна. Уг зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй бөгөөд ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс эргэн төлөлт эхлэх нөхцөлтэй. Мөн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөгдөх онцлогтой юм. Төслийг Францын POMA группийн инженер, мэргэжилтнүүд Монголын "Моннис инженеринг" болон "Цагаан уран хийц" компанийн багтай хамтран хэрэгжүүлж байна.
Дүүжин зам ашиглалтад орсноор Яармаг болон хотын баруун хэсгийг шууд холбож, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Судалгаагаар тухайн бүсийн замын хөдөлгөөний дундаж хурд 4 хувиар нэмэгдэхээр тооцоолжээ. Түүнчлэн агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хот байгуулалтын хөгжлийг дэмжих, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон талын үр өгөөжтэй төсөл болохыг албаныхан онцолж байна.