Чингис хотод анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэг нээгдлээ

Чингис хотод анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэг нээгдлээ

Хэнтий аймгийн Чингис хотод анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүд Л.Соронзонболд, У.Отгонбаяр, М.Ганхүлэг, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох байгууллагууд, аж ахуйн нэгж, малчдын төлөөлөл оролцлоо.

Салбарын сайд Ц.Идэрбат энэ үеэр төрөөс малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээг танилцуулж, арьс ширний салбарыг тогтвортой хөгжүүлэх, дулааны улиралд хаягдаж буй түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор бүсчилсэн байдлаар түүхий эд бэлтгэлийн цэгүүдийг байгуулах ажлыг хэрэгжүүлж байгааг онцолсон байна. Төслийн хүрээнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, хангайн бүсийн Архангай, хойд бүсийн Хөвсгөл зэрэг аймгуудад түүхий эд бэлтгэлийн цэг байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь малчдаас гарч буй арьс, ширийг стандартын дагуу бэлтгэн, үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.