Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 37 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Алба хаагчид дуудлагын дагуу шуурхай ажиллаж, 16 иргэний аюулгүй байдлыг ханган, 527 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Үүнтэй холбогдуулан иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон зөвлөсөн байна.
Тодруулбал, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, гэнэтийн хүчтэй аадар борооны үеэр үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Мөн хол, ойрын замд зорчихдоо баталгаат зам, гүүрийг ашиглах, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээх, гал түймэр, осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөв. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг цаг үеийн нөхцөл байдалд сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.