Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон тухай дуудлага өнөөдөр 09:24 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид очиход Toyota Harrier загварын автомашинтай хоёр иргэн амарч, зугаалж явахдаа голын усанд суусан байсныг тогтоосон байна. Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, дөрвөн хүүхэд нийт 15 иргэнийг аюулгүй газарт зөөвөрлөн гаргаж, аюулгүй байдлыг нь ханган ажиллажээ. Ингэснээр аврагчид нийт 17 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар үргэлжилсэн хур тунадасны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдэж байгаа тул иргэдийг амралт, аялал зугаалгаар явахдаа гол усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа сайтар хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.