Монгол Улсын анхны геопаркийн нээлтийн үйл ажиллагаа ирэх сарын 1-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно. Тус геопаркийг Ханбогд сумын нутаг дахь Шар цав орчмын палеонтологийн олдворууд, эртний үлэг гүрвэлийн мөр бүхий дурсгалт газрууд, Ханбогдын массив болон түүний орчмын геологи, палеонтологи, соёлын өвийн үнэт нөөцөд түшиглэн байгуулж байна.
Цаашид уг геопаркийг ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх зорилтын хүрээнд үе шаттайгаар хөгжүүлэхээр ажиллаж байна. ЮНЕСКО нь геологийн өвийг хамгаалах, геологийн шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах, гео аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой Дэлхийн геопаркуудын хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ.
Монгол Улс 2018 оноос эхлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг хангаж, геопарк байгуулах боломжтой бүс нутгуудыг тодорхойлох, судалгаа хийх, олон улсын экспертүүдийн зөвлөмжийн дагуу шаардлагатай ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Геопарк нь геологийн өвийг хамгаалах төдийгүй гео аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зэрэг олон талын үр өгөөжөөрөө тогтвортой хөгжлийн чухал хөшүүрэг болдог байна.
Монгол Улсын анхны геопаркийг байгуулах, хөгжүүлэх зорилтын хүрээнд 2023 оноос ЮНЕСКО болон "Рио Тинто Монгол" ХХК-ийн хамтын ажиллагаатайгаар “ЮНЕСКО-гийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь геологийн болон соёлын өвийг хамгаалах, олон нийтэд таниулан сурталчлах, орон нутгийн оролцоонд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд геопаркийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж буй юм.