Шинэ хоршооны зээлийн эргэн төлөлт 136.4 тэрбум төгрөг байна

Шинэ хоршооны зээлийн эргэн төлөлт 136.4 тэрбум төгрөг байна

Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10578 хоршоо байгуулагдаж, нийт 103340 малчин хоршооны гишүүн болжээ.

Нийт 894,8 тэрбум төгрөгийн зээл авснаас зээлийн эргэн төлөлт 136,4 тэрбум төгрөгт хүрчээ. Арилжааны банкуудаас авсан мэдээллээр Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт хэвийн байна. Шинэ хоршоо хөдөлгөөн нь хөдөө орон нутагт эдийн засгийн идэвхжлийг бий болгох, малчид анхан шатандаа боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ худалдаалж, орлогын эх үүсвэртэй байх боломжийг бүрдүүлэх чиглэлээр анх байгуулагдсан. Энэ хүрээнд хоршоодын дийлэнх нь үржлийн мал худалдан авах, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр байгуулагдан ажиллаж байгаа талаар Шинэ хоршоо хөдөлгөөнөөс мэдээлэл өглөө.

Харин цаашид хоршоодыг гадаад, дотоодын худалдан авагчидтай холбон зуучлах, стандартыг нэвтрүүлэх, санхүүгийн хяналтын тогтолцоог сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа талаар танилцуулав. Өөрөөр хэлбэл хоршоод стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрсдийн гэсэн худалдан авагчидтай болох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Зээл авсан хоршоодын зээлийн эргэн төлөлт хэвийн бөгөөд хөдөө орон нутагт анхан шатны үйлдвэрлэлүүд хөгжих үндэс суурь нь тавигдаж эхэлж байгааг холбогдох албаныхан онцолж байна. Малчдын зүгээс тэр бүр орон нутагт олгогддоггүй зээл Шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжиж хэрэгжиж эхэлсэн нь хөдөөг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд тодорхой үр нөлөө үзүүлж чадаж байгаа тодотголоо.