"Орон нутагт шүлхий гарсан тул нийслэлийн 10 байршилд хөдөлгөөнт хяналт шалгалтын цэг байгуулан, 24 цагаар ажиллуулж байна"

"Орон нутагт шүлхий гарсан тул нийслэлийн 10 байршилд хөдөлгөөнт хяналт шалгалтын цэг байгуулан, 24 цагаар ажиллуулж байна"

Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ үеэр ийслэлийн Мал эмнэлгийн газраас өгөн мэдээллээр одоогийн байдлаар Улаанбаатар хотод шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, энэ оны хаврын вакцинжуулалтын хүрээнд үхэр, гахайг толгой бүрчлэн дархлаажуулж дуусжээ. Харин орон нутагт шүлхий өвчин тархсантай холбоотойгоор нийслэлийн 317 мянган толгой бог малыг нэмэлтээр вакцинжуулах ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улаанбаатар хотод нийт 430 гаруй мянган толгой таван хошуу мал байдгийн 317 мянга нь бог мал юм. Бог малын тоо олонтой Багануур дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ойрын хоёр хоногт бүрэн дуусгах төлөвтэй байна.

Харин НОБГ нийслэлийн шалган нэвтрүүлэх болон хяналтын цэгүүдэд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналт шалгалт тогтмол хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас мал нэвтрүүлэхгүй байгааг мэдээлэв. Шүлхий өвчин нийслэлд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-наас наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот руу нэвтрэх тээврийн хэрэгслийг шалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Мөн өвчний голомттой бүсээс мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн нийслэлд оруулахгүй байх, эрүүл бүс нутгаас мах, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээтэй байх, маршрутын бус замаар мал, малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 10 байршилд хөдөлгөөнт хяналт шалгалтын цэг байгуулан, 24 цагаар ажиллуулж байна.