СУРВАЛЖИЛГА: Богд хааны “Зуны ордон”-ы дэргэд авто засварын газар барих гэж байсныг түдгэлзүүлж, улсын хамгаалалтад авсан ч өдгөө тус газар автомашины зогсоол болжээ

СУРВАЛЖИЛГА: Богд хааны “Зуны ордон”-ы дэргэд авто засварын газар барих гэж байсныг түдгэлзүүлж, улсын хамгаалалтад авсан ч өдгөө тус газар автомашины зогсоол болжээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Богд хааны “Хайстай лаврин” зуны ордны хажууд маргаан дагуулсан 700 ам метр газрын асуудал өнөөдөр шинэ шатанд хүрчээ.

ВИДЕО: 

 

Тодруулбал, Засгийн газар уг газрын өмчлөл, барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хууль зөрчсөн эсэхийг шалгах чиглэл өгсөн ч өнөөдөр тухайн газар эзэнгүй шахам орхигдож, автомашины зогсоол болон хувирч, түүхэн дурсгалт өвд эрсдэл учруулах нөхцөл бүрдээд байна.

Манай редакц энэ асуудлыг анх 2025.06.30-нд хөндөж, Богд хааны “Хайстай лаврин” ордонтой хаяа залган иргэн О.Баасандорж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн 700 ам.метр газартаа авто засварын төв барихаар суурь ухаж эхэлсэн талаар мэдээлж байсан.

Богд хааны ордон музей нь Монгол Улсын үнэт соёлын өвийн нэг бөгөөд 2001 оны Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүс тогтоосон түүхэн дурсгалт цогцолбор юм. Тус цогцолбор нь Өвлийн ордон, Ёслол хүндэтгэлийн танхим, Зуны ордон зэрэг 20 орчим барилга байгууламжаас бүрддэг бөгөөд тэдгээрийн нэг нь Хайстай лаврин юм.

Маргаан болсон газар анх 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд иргэн О.Баасандоржид гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ. Гэвч тухайн газарт авто засварын төв барихаар барилгын суурь ухаж эхэлсэн нь оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Ойр орчмын иргэд тухайн үед Соёлын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, газрын алба болон дүүргийн холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч барилгын ажил үргэлжилсээр байсан талаар мэдээлж байв.

Харин 2025 оны долоодугаар сарын сүүлээр газар дээр нь дахин ажиллахад авто засварын төв бус, 200 орчим ам метр талбай бүхий хоёр давхар хувийн орон сууц барихаар суурь цутгаж эхэлсэн байлаа. Иргэн өөрийн өмчлөлийн газартаа орон сууц барих нь асуудлын гол биш. Харин нийслэлийн хамгаалалтад байдаг түүхэн дурсгалт цогцолборын шууд хажууд барилга байгууламж барих нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд маргаан дагуулсаар ирсэн юм.

Энэ талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар манай редакцид өгсөн ярилцлагадаа тус газар өмнө нь "Авзага трейд" ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2012 онд иргэний өмчлөлд шилжсэнээс хойш музейн зүгээс газрыг хамгаалалтын бүсэд нэгтгүүлэх хүсэлтийг нийслэлд олон удаа хүргүүлсэн ч шийдвэрлэгдээгүй хэмээн тайлбарласан юм.

Маргаан дагуулсан энэхүү асуудал 2025 оны наймдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн юм. Тухайн үед Ерөнхий сайд асан Г.Занданшатар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 700 ам метр газрыг иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох, шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулахыг даалгасан. ЭНД ДАРЖ уншина уу.

Мөн газрын өмчлөлтэй холбоотой асуудлыг шалгах хугацаанд тухайн газарт барилга байгууламж барих зөвшөөрлийг түдгэлзүүлэх, Богд хааны зуны ордныг улсын хамгаалалтын зэрэглэлд хамруулах асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх, цаашлаад Хүрэн ордны барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хамгаалах зорилгоор орчны бүсэд шинээр баригдах барилга байгууламжийн өндрийн хязгаарыг тогтоох чиглэл өгсөн байдаг.

Гэвч өнөөдөр нөхцөл байдал бүрэн шийдэгдсэнгүй. Газрын өмчлөлтэй холбоотой маргааны улмаас иргэн О.Баасандорж шүүхэд хандаж, нөхөн төлбөрөө авсан байна. Үүний дараа барилгын суурийг булж, түр хашаагаа буулган газрыг чөлөөлжээ. Харин газрын дараагийн ашиглалт тодорхойгүй хэвээр үлдсэнээр уг талбай автомашины албан бус зогсоол болон хувирсан байна. Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар шөнийн цагаар архидан согтуурах хүмүүс цуглардаг болж, түүхэн дурсгалт барилга гал түймэр болон бусад эрсдэлд өртөх аюул нэмэгджээ.

ХУД-ийн 17 дугаар хорооны 69 дүгээр байрны СӨХ-ны дарга Ч.Сандагдоржийн хэлснээр, иргэд барилгын ажил эхлэх үеэс л эсэргүүцэж, асуудлыг шат шатны байгууллагад хүргүүлж, улмаар Засгийн газрын түвшинд хүртэл хэлэлцүүлж чадсан байна. Гэвч газрын асуудал шийдэгдсэн ч хамгаалалтын бүсийг тохижуулах, хамгаалах ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа аж. Тэрбээр мөн тухайн газрыг оршин суугчдын амарч, хүүхэд хөгшид чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгох санал гаргаж, холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүлсэн ч одоогоор бодитой шийдвэр гараагүй байгааг онцолсон юм.

Сануулахад, Засгийн газрын 2001 оны "Хамгаалалтын бүс тогтоох тухай" тогтоолоор Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих болон дурсгалын бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг. Гэсэн ч өнөөдөр Засгийн газрын өгсөн үүрэг, иргэдийн удаа дараагийн шаардлага бодит үр дүнд хүрээгүй хэвээр байна. Барилга баригдаагүй нь асуудлын төгсгөл биш. Харин хамгаалалтын бүс эзэнгүй орхигдож, автомашины зогсоол болон хувирсан нь соёлын өвийг хамгаалах төрийн бодлого, хариуцлагын хэрэгжилтэд дахин анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.