ҮСХ: Нийслэлд гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар өссөн

ҮСХ: Нийслэлд гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.2 хувиар өссөн

Үндэсний статистикийн хороо 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийг нэгтгэн танилцууллаа.

Нийслэлд гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос дунджаар 0.3 хувиар буурсан ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 3.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Махны үнийн хувьд хонины ястай мах нэг килограмм нь өмнөх долоо хоногт 27,850 төгрөг байсан бол 0.5 хувиар буурч 27,706 төгрөг болжээ. Үхрийн ястай мах 34,222 төгрөгөөс 33,882 төгрөг, үхрийн цул мах 38,619 төгрөгөөс 38,585 төгрөг болж мөн бага зэрэг буурсан байна. Харин дотоодын төмсний үнэ хамгийн их өсөлттэй гарч, нэг килограмм нь 3,662 төгрөгөөс 1.3 хувиар нэмэгдэн 3,712 төгрөг болжээ. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой хадгалагдсан байна. Тухайлбал, нэгдүгээр зэргийн гурил 2,521 төгрөг, "Атар" талх 2,925 төгрөг, элсэн чихэр 5,125 төгрөг, цагаан будаа 5,000 төгрөг, өндөг 616 төгрөг, "Миний Монгол" сүү 5,059 төгрөгийн үнэтэй хэвээр байна. Мөн АИ-92 автобензин нэг литр нь 2,590 төгрөг, дизелийн түлш 4,335 төгрөгөөр борлуулагдаж, өмнөх долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.

Харин аймгийн төвүүдэд мах, сүүний үнэ Улаанбаатар хотынхоос харьцангуй хямд байгаа аж. Үхрийн махны дундаж үнэ 28,555 төгрөгөөс 2.4 хувиар буурч 27,883 төгрөг болсон бол ямааны мах 2.0 хувиар хямдарч 19,388 төгрөгт хүрчээ. Хонины махны үнэ ч мөн бага зэрэг буурч, 23,256 төгрөгөөс 23,236 төгрөг болсон байна. Түүнчлэн задгай сүүний үнэ 2.6 хувиар буурч, нэг литр нь 3,929 төгрөгөөс 3,826 төгрөг болсон бол цагаан будааны үнэ мөн үл ялиг буурч 4,146 төгрөг болжээ. Аймгийн төвүүдийн шатахууны дундаж үнэ өмнөх долоо хоногийн түвшинд хадгалагдсан бөгөөд АИ-92 автобензин нэг литр нь 2,795 төгрөг, дизелийн түлш 4,622 төгрөгөөр худалдаалагдаж байна.