НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас (UN Tourism) 2026 оны эхний улирлын аялал жуулчлалын статистик мэдээллийг танилцуулжээ.
Тус тайланд дурдсанаар, Монгол Улсын хүлээн авсан олон улсын жуулчдын тоо 2025 оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өсөж, энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээр байр, Ази, Номхон далайн бүс нутагт хоёрдугаар байр эзэлсэн байна. Тодруулбал, "Дэлхийн хамгийн сайн өсөлттэй 20 зорин очих чиглэл"-ийн жагсаалтад Монгол Улс, Парагвай /+46%/, Шинэ Каледони /+45%/, Эль Сальвадор /+43%/ улсуудын дараа бичигджээ.
Ази, Номхон далайн бүсийн улс орнуудаас Шинэ Каледонийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар болон олон улсын зах зээл дэх сонирхол эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байна. Энэхүү өсөлт нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалын бодлого, олон улсын сурталчилгаа, аяллын бүтээгдэхүүний төрөлжилт болон жуулчин хүлээн авах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүн юм. Цаашид Монгол Улс тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг жилийн дөрвөн улиралд тэнцвэржүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд салбарын хөгжлийг улам эрчимжүүлэн ажиллах болно.
