2024 оны УИХ-ын сонгууль Монголын парламентын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо 76-аас 126 болж, үүний 48 нь анх удаа намын жагсаалтаар сонгогдон парламентын бүрэлдэхүүнд багтсан юм.
Тухайн үед энэхүү өөрчлөлт багагүй маргаан дагуулж байлаа. "Намын удирдлагад ойр хүмүүс л жагсаалтаар орж ирнэ", "жагсаалтаар сонгогдсон гишүүд сул ажиллана", "ард түмний төлөөлөл болж чадахгүй" гэх шүүмжлэл нийгэмд давамгайлж байсан. Харин бүрэн эрхийн хугацаа тэн хагастаа орж буй энэ үед парламентын үйл ажиллагааг эргэн харахад нэгэн сонирхолтой дүр зураг ажиглагдаж байгаа юм. Тодруулбал, хамгийн их маргаан дагуулсан, улс төрийн эрсдэлтэй, тогтолцооны шинжтэй шинэчлэлийн санаачилгуудын ард жагсаалтаар сонгогдсон гишүүд илүүтэй харагдах болов. Мэдээж энэ нь жагсаалтын бүх гишүүн сайн, тойргийн бүх гишүүн муу гэсэн үг биш. Жагсаалтын гишүүдийн дунд ч олон нийтийн шүүмжлэл дагуулдаг хүмүүс бий. Үүний нэгэн адил тойргоос сонгогдсон олон гишүүн улсын хэмжээний бодлогын асуудлаар идэвхтэй ажиллаж байна.
- ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ПАРЛАМЕНТЫН ДОТОР ХОЁР ӨӨР ТӨРЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ БИЙ БОЛГОЖЭЭ -
Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд дөрвөн жилийн дараа эргээд сонгогдсон тойрогтоо очиж ажлаа тайлагадаг бөгөөд зарим тохиолдолд дахин сонгогдох эсэх нь тойрогтоо хийсэн ажлаас нь хамаарах нь бий. Иймээс татварын шинэчлэл хийх, төсвийн зарцуулалтыг өөрчлөх зэрэг улс орныг хамарсан "том" ажлыг эхлүүлэхээс илүүтэй зам, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хөрөнгө оруулалт татах нь улс төрийн хувьд илүү өгөөжтэй сонголт болдог. Харин жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд зөвхөн нэг аймаг, нэг тойргийн сонгогчдоос шууд хамаардаггүй давуу талтай юм. Энэ нь тэдэнд улсын хэмжээний бодлого боловсруулах, олон нийтийн эсэргүүцэл дагуулж болох асуудлыг ч илүү зоригтой хөндөх боломж олгодог бололтой.
-ЖАГСААЛТЫН ГИШҮҮД ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ИЛҮҮ ИДЭВХТЭЙ ХӨНДӨЖ БАЙНА-
Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн Ж.Баярмаа юм. Түүний хувьд Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох тухай хуулийн төслийг санаачилж, Засгийн газрын татварын багц хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлсний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг иргэдийг татвараас бүрэн чөлөөлөх, хоёр сая төгрөг хүртэлх орлоготой иргэдийн татварыг нэг хувь болгох өөрчлөлтийг батлуулсан. Мөн сонгуулийн үеэр мөнгө, эд зүйлээр сонгогчдын саналд нөлөөлөх, төрийн өмчит компаниудын хөрөнгийг сонгуулийн зорилгоор ашиглахыг хориглох агуулгатай "Санал худалдан авахын эсрэг хууль"-ийн төслийг боловсруулж байгаа нь сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг дахин хөндөж буй санаачилгын нэг болоод байна. Энд дарж уншина уу.
Түүнчлэн МАН-ын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэлээс эхлээд "Туулын хурдны зам" төслийн эдийн засгийн үр ашиг, төлөвлөлтийн асуудал хүртэл улсын хэмжээний бодлогын асуудлуудыг тогтмол хөндөж ирсэн.
- ТОЙРГИЙН АШИГ СОНИРХОЛ ТӨСВИЙН ХУВААРИЛАЛТЫГ ТОДОРХОЙЛЖ ИРСЭН-
УИХ-ын гишүүн Ө.Шижир ч мөн улс төрийн хувьд эмзэг асуудлуудыг хөндөж буй төлөөллийн нэг. Тэрбээр олон жил үргэлжилсэн "Гишүүний 5 тэрбум" хэмээн нэрлэгддэг тойргийн хөрөнгө оруулалтын тогтолцоог ил тод шүүмжилж, төсвийн мөнгийг улс төрийн хэрэгсэл бус хөгжлийн бодлогын хүрээнд хуваарилах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн. "Гишүүний мөнгө" гэх ойлголт шинэ зүйл биш. Анх 2000-аад оны дунд үеэс бий болсон энэ тогтолцоо нь УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо төсвийн хөрөнгө оруулалт татах замаар улс төрийн байр сууриа бэхжүүлдэг механизм болон хувирсан гэж шүүмжлэгдсээр ирсэн. Тухайлбал, 2019 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр гишүүн бүрийн тойрогт ойролцоогоор таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгаж буйг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд мэдээлж байсан юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр бус, сонгуулийн тойргийн улс төрийн хэрэгцээнд нийцүүлэн хуваарилдаг энэхүү тогтолцоо нь парламентын үндсэн чиг үүргийг гажуудуулж байна гэсэн шүүмжлэл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тойргийн улс төрийн энэ онцлог парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд ч ажиглагддаг. Тухайлбал, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ оны зургадугаар сарын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанд ердөө хоёр удаа оролцсон талаар ирцийн мэдээлэл харуулж байна. Харин тэрээр энэ хугацаанд орон нутагт ажиллаж, сонгогдсон тойрогтоо томилолтоор ажиллаж буйгаа олон нийтэд мэдээлсээр ирсэн. Энэ нь тойргийн гишүүдийн хувьд парламент дахь хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна сонгогчидтойгоо ажиллах улс төрийн хэрэгцээ өндөр байдгийг харуулсан нэг жишээ болж байна.
Эсрэгээрээ тойргийн улс төрийн онцлогийг харуулсан жишээ ч парламентын үйл ажиллагаанаас харагдаж байна. Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Б.Болормаа, С.Бямбацогт нар Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ордыг ашиглах төслийг зогсоох саналаа илэрхийлдэг. Нэг талаас энэ нь орон нутгийн иргэдийн эрх ашиг, байгаль орчны асуудлыг төлөөлж буй хэрэг болж буй юм. Нөгөө талаас үүнийг стратегийн ач холбогдолтой гэж үздэг төслийн хэрэгжилтэд улс төрийн нөлөө үзүүлж байна гэх нь ч бий.
Холимог тогтолцоо бол төгс биш бөгөөд намын жагсаалтыг бүрдүүлэх зарчим өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна. Гэхдээ сүүлийн хоёр жилийн парламент нэг зүйлийг харуулж байгаа юм. Тухайлбал, өмнө нь улс төрийн эрсдэлээс шалтгаалан төдийлөн хөндөгддөггүй байсан тогтолцооны шинжтэй асуудлуудыг парламентын мэтгэлцээний төвд авчирч эхэлсэн нь холимог тогтолцооны хамгийн тод үр дүнгийн нэг байж болох юм.