"Монгол Улсын ЗГ, УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд дорвитой алхам хийгээгүй" гэж АНУ-ын Төрийн департамент тайландаа дурджээ

"Монгол Улсын ЗГ, УИХ 2025 онд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд дорвитой алхам хийгээгүй" гэж АНУ-ын Төрийн департамент тайландаа дурджээ

АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл (Investment Climate Statement)-ийг нийтэлжээ.

Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл нь дэлхийн 170 гаруй улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг үнэлэн танилцуулдаг бөгөөд тухайн улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн ажилтнууд бэлтгэдэг байна. Уг тайлан нь АНУ-ын компани, хөрөнгө оруулагчдад гадаадын зах зээлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нь мэдээллээр хангахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчинд тулгарч буй саад бэрхшээл, зах зээлийн гажуудал, эрсдэлийг тодорхойлдог байна.

Монгол Улсын тухай хэсэгт 2025 онд Засгийн газар болон Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр дорвитой алхам төдийлөн хийгээгүй гэж дүгнэжээ. Тайланд Монгол Улс байгалийн баялгийн салбарт өндөр өгөөжтэй боломжтой хэдий ч гадаад эдийн засаг, санхүүгийн цочролд эмзэг байдал, маргаан шийдвэрлэх үйл явцын үр дүн муу, дүрэм журам боловсруулахдаа оролцогч талуудын саналыг хангалттай тусгадаггүй байдал, хөрөнгө албадан хураах эрсдэл зэрэг хүчин зүйлс хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байгааг онцолсон байна.Мөн уул уурхай, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах боломжтой ч эдгээр салбар улс төрийн өндөр эрсдэл дагуулсаар байгааг дурджээ.

Нөгөө талаас Монголын зах зээлд нэвтрэх саад харьцангуй бага, хөрөнгө оруулагчдад тавьдаг хязгаарлалт цөөн тул зах зээлд ерөнхийдөө саадгүй нэвтрэх боломжтой гэж үнэлсэн байна. Түүнчлэн түргэн хоол, жижиглэн худалдааны франчайзын бизнесүүд амжилттай ажиллаж байгаа нь олон улсад амжилттай хэрэгжсэн бизнесийн загварыг Монголд нэвтрүүлэх боломж байгааг харуулж байна гэжээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг мөн ирээдүйтэй салбаруудын нэгээр нэрлэсэн байна. Гэсэн хэдий ч Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч энэ сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахад бэрхшээлтэй хэвээр байгааг тайланд тэмдэглэжээ.

Тодруулбал, бизнес эрхлэгчид дүрэм журам, зохицуулалтын урьдчилан таамаглах боломжгүй хүндрэлүүдтэй тулгардаг бөгөөд төрийн байгууллагын албан тушаалтнууд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмыг зөрчих тохиолдол гардаг гэж хөрөнгө оруулагчид мэдээлсэн байна. Мөн шүүхийн шийдвэр гаргуулах болон шийдвэрийг хэрэгжүүлэхэд ихээхэн хугацаа зарцуулдаг, Татварын ерөнхий газар зэрэг захиргааны байгууллагууд маргаан, асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг талаар хөрөнгө оруулагчид санаа зовниж байгааг тайланд дурджээ. Түүнчлэн албадлагын шинжтэй, хэт өндөр татварын дүгнэлт гаргах замаар харилцан тохиролцоонд хүрэхэд шахаж байгаа явдалд хөрөнгө оруулагчид болгоомжилж буйг тэмдэглэсэн байна. Төрийн өмчит компаниудыг хувийн аж ахуйн нэгжээс илүү давуу байдалтай гэж үзэж байгаа нь одоо үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид бизнесээ өргөжүүлэх болон шинэ хөрөнгө оруулагчид Монголын зах зээлд нэвтрэхэд сөргөөр нөлөөлж байна гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.