УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон байдаг.
“Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно, тээврийн хэрэгслээ бүртгүүлнэ, энэ төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна” зэрэг маш чухал хуулийн заалтууд нэмэгдсэн. Харин шинэчлэгдсэн уг хууль албан ёсоор хэгэжиж эхлээд долоо хоногийн нүүрийг үзэж байна. Бид энэ удаад энэхүү хуулийн заалтууд бүрэн дүүрэн хэрэгжиж байна уу гэдгийг сурвалжиллаа.
ВИДЕО:
-16 НАСНААС ДЭЭШ БОЛ УНАЖ БОЛНО ГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ТА АППЛИКЕЙШН РУУ НЬ ОРООД ХАР Л ДАА-
Бид нийслэлд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг U-GO, Jet, UB Bike, Tapatrip, EcoRide, Bird, VMC зэрэг аппликейшнийг туршиж үзэж, төвийн гудамж талбайд ажиглалт хийхэд хууль цаасан дээр хэрэгжиж эхэлсэн ч бодит орчинд шинэ шаардлага бүрэн нутагшаагүй дүр зураг ажиглагдлаа. Өмнө нь ийм төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох насны зохицуулалт тодорхой бус байсан бол одоо насны доод хязгаарыг шууд тогтоож, 18 нас хүрээгүй хүүхэд унасан тохиолдолд зөвхөн хүүхэд бус, эцэг эх, асран хамгаалагчид нь хүртэл хариуцлага хүлээхээр болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд гарсан ослын статистиктай шууд холбоотой. УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан мэдээллээр
2022-2025 оны эхний улирал хүртэл цахилгаан скүүтер, мопедтой холбоотой нийт 985 зам тээврийн осол бүртгэгдэж, зөвхөн 2024 онд гэхэд 532 осол гарч, гурван хүн амь насаа алдсан байна. Осолд өртөгсдийн 39 хувь нь 10-19 насныхан байсан нь өсвөр насныхны оролцоо өндөр байгааг харуулсан үзүүлэлт болсон юм.
Бид нийслэлд үйлчилгээ үзүүлдэг U-GO, Jet, UB Bike, Tapatrip, EcoRide, Bird, VMC зэрэг түрээсийн үйлчилгээний аппликейшнийг нэг бүрчлэн туршиж үзэв. Гэтэл аль ч түрээсийн дугуй, мопед явуулдаг компаний аппликейшн рүү ороход хэрэглэгч бүртгүүлэхдээ зөвхөн гар утасны дугаар болон төлбөрийн хэрэгслээ холбоход хангалттай байлаа.
Иргэний үнэмлэх уншуулах, төрийн мэдээллийн сантай тулгаж нас баталгаажуулах, эсвэл E-Mongolia-аар нэвтрэх зэрэг шинэ хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн шийдэл эдгээр аппликейшнд нэвтрээгүй хэвээр байна.
Зарим аппликейшний хэрэглээний нөхцөлд өмнөхтэй адил 16-аас дээш насны хэрэглэгч ашиглаж болно гэсэн мэдээлэл байв. Харин зарим аппликейшнд насны талаар ямар нэгэн тодорхой анхааруулга огт байгаагүй бөгөөд бүртгэл амжилттай хийгдсэн тохиолдолд хамгийн ойр байрлах скүүтер, мопедыг шууд түрээслэх боломжтой байсан юм.
Төв талбай, Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд хийсэн ажиглалтаар сургуулийн насны хүүхэд, өсвөр насныхан түрээсийн скүүтер, мопедоор хөдөлгөөнд оролцож байсан нь цөөнгүй харагдав. Энэ нь хууль хүчин төгөлдөр болсон ч хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх ажил, үйлчилгээ үзүүлэгчдийн техникийн шинэчлэл, хяналтын тогтолцоо зэрэг нь нэгэн зэрэг хэрэгжээгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл дээрх хамаарал бүхий компаниуд Монгол Улсын хууль, заалтыг хүндэтгэхгүй байгаагийн нэг хэлбэр юм.
Мопед унаж явсан 16 настай хүү ярихдаа “Энэ талаар ямар нэгэн мэдээлэл аваагүй. Өмнөхтэй л адил 16 наснаас дээш бол унаж болно гэж аппликейшн дээр нь гарч ирдэг болохоор унаж болно гэж ойлгоод байгаа” гэсэн юм.
Өөр нэг хүү “16 наснаас дээшээ бол унаж болно гэж байгаа шүү дээ, та аппликейшн рүү нь ороод хар л даа ялгаагүй бүгд болж байгаа. Анхааруулга гарч ирэхдээ 16 наснаас дээш байх ёстой гэж гарч ирдэг болохоос 18 наснаас дээш настай байх ёстой гэх ямар ч шаардлага гарч ирдэггүй шүү дээ” гэж байлаа.

-СКҮҮТЕР, МОПЕДЫГ АЛБАН ЁСООР УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ-
Скүүтер, мопедыг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, таних дугаартай болгох, нийтийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдийг орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллуулах, зөвшөөрөгдсөн байршилд байршуулах зэрэг өмнө нь зохицуулалтгүй байсан асуудлыг хуульчилсан нь энэ удаагийн өөрчлөлтийн бас нэг гол агуулга юм. Хуулийн зорилго нь осол гарсны дараа буруутныг хайх биш, осол гарахаас өмнө эрсдэлийг бууруулах тогтолцоо бий болгоход чиглэжээ. Өөрөөр хэлбэл, зам дээр явж байгаа скүүтер, мопед бүр эзэнтэй, бүртгэлтэй, хяналттай байх ёстой гэсэн үг. Гэвч нийслэлийн төвийн бүс болох Сүхбаатарын талбай, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпийн гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их дэлгүүрийн орчим, Их, дээд сургуулиуд төвлөрсөн бүсэд байршуулсан түрээсийн скүүтер, мопедууд бүгд улсын бүртгэлийн дугааргүй байлаа.
U-GO, Jet, UB Bike, Tapatrip, EcoRide, Bird, VMC зэрэг үйлчилгээний компаниудын байршуулах цэгүүдэд байсан тээврийн хэрэгслүүдэд үйлдвэрийн серийн дугаар, QR код, компанийн лого байсан ч улсын бүртгэлийн дугаар харагдсангүй.
Мөн хуулиар хэрэгцээний скүүтер, мопедыг зөвшөөрсөн байршлаас бусад газарт байршуулсан бол хариуцлага тооцохоор болсон. Учир нь явган хүний зам, автобусны буудал, орц гарц, ногоон байгууламж дээр дур мэдэн орхисон скүүтерүүд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн тэргэнцэртэй эцэг эхчүүдэд хүндрэл учруулдаг талаар олон удаа шүүмжлэл гарч байсан. Гэсэн ч явган хүний замын голд, модны дэргэд, автобусны буудлын хажууд, орон сууцны орцны үүдэнд орхисон мопедууд хаа сайгүй байв.
Хууль хэрэгжиж эхлээд долоо хоног өнгөрсөн ч нийслэлийн гудамжинд харагдах дүр зураг төдийлөн өөрчлөгдөөгүй хэвээр. Өөрөөр хэлбэл цагаан дээр хараар бичээд, тодорхой хуульчлаад өгчихсөн байхад, үүнийг хэрэгжүүлэх “хүсэл, хариуцлага” иргэдэд ч тэр ашиг горилогч байгууллагуудад ч тэр думтаг байсаар байна.
