Хүрэн баавгай хүн рүү дайрч, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан БОАЖЯ аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын удирдлагуудтай шуурхай цахим хурал зохион байгууллаа.
Хурлаар баавгайтай холбоотой нөхцөл байдал, орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.
Тухайлбал, баавгай үзэгдсэн болон давтан бүртгэгдсэн байршлуудыг нэгтгэн эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай бүсэд иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал зугаалга, самар, жимс түүх зэрэг үйл ажиллагааг түр хязгаарлах, байгаль хамгаалагч, цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан эргүүл, хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.
Мөн байгаль хамгаалагчдын хүн хүч, тээврийн хэрэгсэл, холбоо, хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, иргэд, малчдад сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, баавгай татах хүнсний хаягдал, малын сэг зэм зэрэг эрсдэлийн эх үүсвэрийг арилгах арга хэмжээг эрчимжүүлнэ гэв.