Н.Учрал: Олон улсын "Фитч", "Мүүдис", "Эс энд Пи" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой" хэмээн зарлалаа

Н.Учрал: Олон улсын "Фитч", "Мүүдис", "Эс энд Пи" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой" хэмээн зарлалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Та бүхэнд сайн мэдээ дуулгая. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч "Фитч", "Мүүдис", "Эс энд Пи" агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой" хэмээн зарлалаа. Энэ бол бидний сонгосон зам зөв гэдгийг баталсан дэлхийн итгэлцэл юм гэдгийг хэлмээр байна. 

Бид өчигдрийн өрийг өнөөдөр дарж байна. 2020 онд манай улсын гадаад цэвэр өр урсгал орлогынхоо 184 хувьд хүрж байсан бол 2026 онд энэ хэмжээг 58 хувь хүртэл буулгаж чадаж байна. Засгийн газрын цэвэр өрийн хэмжээ дунд хугацаанд хамгийн зохистой хэмжээнд байгааг нотолсон нотолгоо болж байна. 

Түлш шатахууны доголдол, хомсдол, үнийн өсөлт бол хөлөг онгоцны тавцанг мөргөх түр зуурын далайн давлагаа юм гэдгийг тодотгоё. 

Засгийн газар төсвийн сахилга батыг баримталж, алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүйгээр барьж байна. Баялгийн сандаа хуримтлал үүсгэдэг хариуцлагатай жишгийг тогтоож байна. Ирэх оны төсөвт ч гэсэн Баялгийн сангийнхаа хуримтлалыг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр олон асуудлыг урагшлуулах, хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулах чиглэлээр баталсан хуулиудынхаа хэрэгжилтийг хангах боломж бүрдэж байна. 

Зээлжих зэрэглэлийг дэлхийн гурван агентлаг тогтвортой хэмээн хэвээр хадгалснны үр дүнд ирэх жилд хөрөнгө оруулалтын орчин сайжирна, дэлхий монголд итгэх итгэл илүү баталгаажна.

Бид ижил түвшний дундаж орлоготой орнуудаас өндөр хурдтайгаар урагшилж байгаа.  Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл , нүүрсний экспорт дэлхийн тавцанд тасралтгүй урсаж байна.  Манай гадаад валютын нөөц энэ жил 10 тэрбум долларт хүрэх төлөв байна. Гадаад валютын нөөц түүхэн дээд түвшиндээ хүрэх нь ханшаа алдахгүй, хөрөнгө оруулалт сайжирна гэдгийн тод томруун баталгаа юм. Цаашдаа төсвийн сахилга бат, хариуцлагаа дээшлүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, эдийн засгаа эрүүлжүүлэх зөв зам дээрээ ирлээ" гэсэн юм.