Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй, дээд бүтэц угсралтын ажил 25 хувь, төслийн багц 2 буюу урт гүүрийн ажлын хүрээнд 760 дам нуруу угсарч дууслаа.
Гүүрийн дам нуруу угсралтын ажил дууссантай холбоотой ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төмөр замын газрын дарга Б.Артур, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхбат, Чайна Энержи групп компанийн Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Бао Фан, СRBG компанийн Ерөнхий захирал Ли Гөнсью тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан 19,5 км төмөр зам нь нарийн царигийн 10,8 км, өргөн царигийн 8,7 км хос төмөр замтай, 32,6 км дэлгэмэл урттай, жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам төсөл нь өргөн болон нарийн царигийн хос замтай, нийт гол замын урт 19.5 километр, 8-31 метр хүртэлх өндөртэй дан болон хос замын гүүрэн байгууламж бүхий томоохон бүтээн байгуулалт юм.
Төслийн талбайд 866 инженер, техникийн ажилтан, 311 машин механизмтайгаар ажиллаж, тус төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулан, туршилтын галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна. Тус төсөл ашиглалтад орсноор тээврийн хэмжээ 30 сая.тонноор нэмэгдэж, 200 байнгын, 800 түр ажлын байр бий болж, тээврийн өртөг буурч, экспортын өрсөлдөх чадвар сайжирна. Боомт, логистик, дагалдах үйлчилгээ, дэд бүтцийн өргөтгөл нь Өмнөговь аймгийн болон хил орчмын бүсэд орон нутгийн бизнес, хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний шинэ боломж бий болох суурь болно.