Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, анхан шатны шүүхээс А.Ишдоржид нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял, харин Ц.Хоролсүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 5.5 сая төгрөгөөр торгох ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, "Онги Ус суваг" ХХК-аас хар өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгслийг гаргуулан иргэний хариуцагч Ч.Содномд олгохыг, мөн Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч "Бүдума" ХХК-аас 7.3 сая төгрөг, иргэний хариуцагч Ч.Содномоос 65.7 сая төгрөг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгохоор өөрчлөлт оруулсан байдаг.
Харин иргэний хариуцагч Ч.Содном, шүүгдэгч А.Ишдоржийн өмгөөлөгч Г.Нямдалай нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж 12 жилийн хорих ял эдлэхээр боллоо.