Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын их, дээд сургуулиуд боловсрол, эрдэм шинжилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр долоон баримт бичиг байгууллаа. Баримт бичгүүдэд 2026 оны аравдугаар сарын 22-нд гарын үсэг зурсан байна.
Эдгээр баримт бичиг нь хоёр улсын боловсролын салбарын 100 жилийн түүхтэй түншлэлийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, багш, судлаач, оюутнуудын солилцоог өргөжүүлэх зорилготой юм. Мөн урт болон богино хугацааны сургалт, судалгаа, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх аж. Түүнчлэн уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах долоон баримт бичгийг байгуулсан байна.
-
Монгол Улсын Их Сургууль (МУИС) – Лайпцигийн их сургууль: Харилцан ойлголцлын санамж бичиг.
-
МУИС – Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль: Хамтын ажиллагааны гэрээ.
-
Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), “Эрдэнэс ҮТП” ХХК – Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль: Харилцан ойлголцлын санамж бичиг.
-
ШУТИС – Дрездений Техникийн их сургууль: Харилцан ойлголцлын санамж бичиг.
-
ШУТИС – Хемницийн технологийн их сургууль: Харилцан ойлголцлын санамж бичиг.
-
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль – Дрездений Техник, эдийн засгийн дээд сургууль: Хамтын ажиллагааны гэрээ.
-
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль – НҮБ-ын Их сургуулийн Материал болон нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэн: Эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.
Германы их, дээд сургуулиуд Монголын боловсролын байгууллагуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах болсон нь хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.