Тээврийн прокурорын газраас 2024, 2025 он болон энэ оны аравдугаар сарын 20-ны байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” 24 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэмт хэргийн улмаас 27 хүн хохирсноос хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, 11 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, найман хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, зургаан хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд нэг нь 15 настай, тав нь 16 настай, 18 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна. Эдгээр хүүхдүүдээс гурав нь мотоцикл, 21 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Шүүхээс таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол дөрвөн хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Одоо хоёр хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.