Гарааш, дулаан зогсоолын татварыг цуцлуулах өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, зорилгоо биелүүлжээ

Гарааш, дулаан зогсоолын татварыг цуцлуулах өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, зорилгоо биелүүлжээ

Улаанбаатар хотын гарааш, дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг цуцлуулах санал зорилгодоо хүржээ. 

Тодруулбал,  Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү аравдугаар сарын 6-наас E-Zasag.mn цахим системд байрлуулсан “Гараашны татвар цуцлуулах” нэртэй өргөдөлд 100 мянга 412 иргэн гарын үсэг зурсан байна.

Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн гарааш, дулаан зогсоолдоо үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж эхэлсэн бөгөөд татварын хэмжээ нь байршил, бүсчлэлээс хамааран хөрөнгийн үнэлгээний 0.6-2.0 хувьтай тэнцэж байгаа юм. Өргөдөл гаргагчийн зүгээс гараашийг бизнесийн орлого олох зориулалттай хөрөнгө бус, автомашинаа хүйтэн, эрс тэс уур амьсгалаас хамгаалах зориулалттай дэд бүтэц гэж үзэж байна. Мөн гарааш, зогсоолтой байх нь автомашинаа гудамж, орц гарц, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахгүй байх нөхцөл бүрдүүлдэг.  Иймд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуульд "Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөнө" гэсэн заалт оруулах санал гаргажээ. Ингээд 100 мянган хүн гарын үсэг зурснаар Ерөнхий сайдад саналаа хүргүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар  УИХ-д хуулийн төсөл өргөн барих боломжтой болох юм.