"Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулаад, сулласан бөгөөд өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлж буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл "Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" ХК нь 489 тэрбум төгрөгийн өртөгтэй "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ оны нэгдүгээр сард зарлаж, уг тендерт хэд, хэдэн аж ахуйн нэгж оролцсон аж.

Хоёр ч удаа явагдсан "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын тендерт эхлээд "Бланс" ХХК, харин дахин зарласан тендерт нь "Спэйшил майнгинг" ХХК шалгарсан аж.
Тиймээс "Бланс" ХХК нь:
- “Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Бласт" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг "Эрдэнэс тавантолгой" ХК-д даалгуулах нэхэмжлэлийг шүүх гаргасан байна.
Мөн ”Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн тавдугаар сард хэлэлцээд нэхэмжлэгч “Бласт” ХХК-иас “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 01/0477 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ЭТТХК/20250101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Бласт" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг "Эрдэнэс тавантолгой" ХК-д даалгаж, ”Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ЭТТХК/2025/0101643 дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан ЭТТХК/20260101116/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ЭТТХК/20260101116 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Улмаар хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон аж.
Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэртэй холбоотойгоор "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёр дахь удаагийн тендерт шалгараад байсан "Спэйшил майнгинг" ХХК мөн л маргаан үүсгэж, шүүхэд хандсанаар "Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Учир нь Н.Цэрэнсамбууг тухайн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-аас түүнийг мөрдөн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Ташрамд өгүүлэхэд, "Спейшл майнинг" ХХК нь УИХ-ын гишүүн асан Молекул гэх Батж.Батбаярын хүү Б.Баттулгын эзэмшлийнх бөгөөд /холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ/ тухайн аж ахуйн нэгж өмнө нь "Эрдэнэс тавантолгой" ХК-аас 300 тэрбумын тендер авахад хэн нэгэн нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудалд нэр холбогдож байсан удаатай юм.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.