Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэнг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль авсан болон мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 13 жилийн хорих ял оноосон бол Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийг улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 12 жил 1 сарын хорих ял оноосон. Үүнийг зарим иргэд “хүний насанд дуусахгүй ямар их хугацаатай ял вэ” хэмээн сэтгэл эмзэглэн хүлээж авсан.
Тэгвэл эдгээр хүмүүст оноосон ялын хугацаа бол Эрүүгийн тухай хуулийн 22.4-д заасан Авлига, албан тушаалын хэргээр ял авч байгаа хүмүүсийн хамгийн бага ялын хугацаа юм. Тодруулбал, энэ зүйл ангийг хамгийн багадаа 12 жил, хамгийн ихдээ 20 жилийн хорих ялтай болгон өөрчилсөн.
- Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР НАР 12-20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ БОЛГОН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ, ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТООЛОХГҮЙ БОЛГОЖ БАЙВ-
Тодруулбал, Эрүүгийн хуулийн энэ “шоронжсон” заалтыг 2022 онд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар санаачлан батлуулж байв. Улмаар ялын энэхүү урт хугацаа 2023 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Угтаа бол өмнөх зохицуулалтаар албан тушаалын гэмт хэргийн зарим хэлбэрт торгох, зорчих эрх хязгаарлах зэрэг ял оногдуулах боломжтой байсан бол Х.Нямбаатарын шинэчилсэн хуулиар торгох ялыг хасаж, хорих ялыг чангатгаж, 12-20 жил болгосон юм. Ингэснээр хорих ялын хугацааг нэмэгдүүлээд зогсохгүй, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасдаг болгосон юм.
Мөн Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дагаж мөрдөх журмын тухай хуулийг боловсруулж, батлуулсан байдаг.
Уг хуулиар 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон авлига, албан тушаалын зарим хэргийг сэргээн шалгах, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шалгагдаж буй "хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар зохицуулсан" юм. Тухайн үед зарим эх сурвалжууд, "хөөн хэлэлцэх хугацаагүй болно гэдэг бол хүний эрхийн ноцтой зөрчил, таагүй харилцаатай нэгнээ насан туршид нь дээвэргүй шоронд хийнэ гэсэн үг" хэмээн шүүмжилж байсан. Харин тэр үедээ “үеэлүүд” буюу Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг олны эсэргүүцлийг үл тоож, юу бодож ийм зүйл хийснийг тааж мэдэх аргагүй юм. Магадгүй тэд нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Хууль зүйн сайд гэсэн албан тушаалдаа насан туршдаа байна гэж санасныг нь ч үгүйсгэхгүй.
“ЮУ ТАРИНА, ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА” ГЭДЭГ ҮГ Л. ОЮУН-ЭРДЭНЭ, Х. НЯМБААТАР НАРТ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ БАЙНА УУ?
Тэгвэл тэд өнөөдөр өөрсдийн нэмэлт өөрчлөлтийг нь оруулсан уг зүйл ангиараа өөрсдөө шалгуулж эхлээд байна. Тодруулбал, Х.Нямбаатарыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхлээд байна. Ингэхдээ, “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчид 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохдоо хууль зөрчиж, бусдад эдийн засгийн давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзжээ. Мөн нийслэлийн бусад төсөл, тендертэй холбоотой асуудлыг шалгаж байгаа аж.
Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргийн шинжээр холбогдуулан дөрвөн хэрэгт шалгаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын батлуулсан хууль, өдгөө өөрсдөө уг хуулиараа зүйлчлэгдэн шалгагдаж буйг харахад, “Хэтэрхий бөх шорон барьчихаад, Хэрэг тарьж өөрөө орчихоод…” хэмээсэн Р.Чойномын шүлэг санаад орох.
Цаашилбал, авлига албан тушаалын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгосноороо Х.Нямбаатар өөрийнхөө насаараа суух "дээвэргүй шорон"-г өөрөө барьж дээ гэж бодол төрж байгаа юм. Тодруулбал, Канад улсаас шууд дамжуулалт хийж, пост бичих ажил амжуулан амьдарч буй түүнийг АТГ-аас эрэн сурвалжлуулахаар Интерполын хөх булант зар мэдээгээр нийтлүүлэх хүсэлт хүргүүлээд буй билээ. Харин интерполоор түүнийг эрэн сурвалжилж эхэлбэл Х.Нямбаатар тус улсаасаа хаашаа ч явж чадахгүй насан туршдаа эрэн сурвалжлагдах юм.