Трампын хүү Д.Трамп Жуниор Баян-Өлгийд Путины ойрын хүрээний оросын бизнесмэнтэй хамт аргал агнажээ

Трампын хүү Д.Трамп Жуниор Баян-Өлгийд Путины ойрын хүрээний оросын бизнесмэнтэй хамт аргал агнажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү болон В.Путины ойрын хүрээний Оросын бизнесмэн нар өнгөрөгч наймдугаар сар /2026.08/-д Монголын алслагдсан нутаг болох Баян-Өлгий аймагт уулзсан явдлыг Их британийн Financial Times сонин дэлхий нийтэд ил болгоод байна.

Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Дональд Трамп Жуниор Монголын баруун аймагт долоо хоног үргэлжлэх ангийн аялалдаа өөртэй нь хамт явах  дуудлага худалдааг явуулж байх үед тайзан дээр инээмсэглэн зогсож байв. “225 мянган ам.доллараас давж санал өгөх хүн байна уу. Би та нарт боломжийн үнэ санал болгож байна” хэмээн хөтлөгч хэлжээ. Буяны хандивын арга хэмжээнд илүү өндөр үнэ хүргэхийн тулд Трамп Жуниор Mar-a-Lago-д байрлах эрхийг нэмж санал болгоод, үзэгчдэд хандан “Би өнгөлөн далдлах хувцастайгаа үнэхээр дур булаам харагддаг” хэмээн хошигносон байна.

Энэ зун Монголын хөдөө нутагт Д.Трампын хүүтэй хамт байсан хүмүүс зөвхөн дуудлага худалдааны ялагчид байсангүй. Тэрбээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн хамгаалалтын албатай ойр харилцаатай, эрүүгийн хэрэгт холбогдож байсан бизнес эрхлэгч Умар Кремлевтэй хоёр өдрийг хамт өнгөрүүлжээ. Өнгөрсөн наймдугаар сард Монголын алслагдсан нутагт болсон энэхүү уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү болон Кремльтэй холбоотой бизнесмэний хоорондын онцгой харилцааг харуулж байна.

Трамп Жуниор, Кремлев нарын Монгол дахь үйл ажиллагааны талаарх мэдээллийг аялалд оролцсон хөтөч нар болон орон нутгийн албан тушаалтнууд баталжээ. Мөн Financial Times сонин нислэгийн хөдөлгөөний мэдээлэл, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгүүд болон нийтэд нээлттэй бүртгэлүүдийг шалгаж, мэдээллийг нягталсан байна. Аялалд цуг явсан хөтөчийн мэдээлснээр, аяллын үеэр Трамп Жуниор ховордсон, асар том эвэртэй Алтайн аргаль агнасан аж. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хүү 2019 оноос хойш Монголд хийсэн ангийн аяллуудаараа дор хаяж хоёр өөр аргаль агнасан байна.

Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч “Дон Умартай бизнесийн бус, хувийн найз нөхдийн харилцаатай гэдгээ тодорхой илэрхийлсэн. Тэд ан агнуурын хүрээний харилцан танилаараа дамжуулан анх танилцсан” гэж мэдэгджээ. Мөн “Тэдний нөхөрлөл голчлон ан агнах, загасчлах, байгальд аялах нийтлэг сонирхолд нь үндэслэдэг. Энэ оны эхээр хамт ан хийсэнд хэн ч гайхах ёсгүй” гэсэн байна.

Гэвч тагнуулын байгууллагын шинжээчид энэ төрлийн харилцааг бусдын нөлөөлөлд ашиглах боломжтой хэмээн үзэж буй аж.  АНУ-ын Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн сөрөх тагнуулын асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан Холден Триплетт “Хүмүүсийн зорилго хэчнээн зөв, шударга байсан нь хамаагүй. Оросын аюулгүй байдал, тагнуулын алба хэн нэгэн өндөр үнэ цэнтэй хүнтэй харилцаатай байгааг олж мэдсэн л бол тэр харилцааг өөрсдийн зорилгод ашиглахыг оролдоно” гэж хэлжээ.

Сонирхолтой нь, Монголд болсон энэхүү уулзалт Кремлев тавдугаар сард Карибын тэнгисийн хувийн арал дээр зохион байгуулагдсан Трамп Жуниорын хуримын зарим зардлыг төлж, хуримын баярт нь оролцсоноос хойш болсон юм. Кремлев Трамп Жуниорын хуримд оролцсон талаар ProPublica анх мэдээлж байв. Үүний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп хүү нь Кремлевт мөнгийг нь буцаан төлсөн хэмээж байжээ.

Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүний хувьд Трамп Жуниор Нууц албаны хамгаалалттай зорчдог бөгөөд тэрбээр наймдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирж улмаар Увс аймаг руу явжээ. Ингэхдээ цөөн тооны ангийн хөтөч, жолооч, тогоочийн хамт тус баазад байрласан байна. Холбооны улсын бүртгэлээс үзэхэд, АНУ-ын Элчин сайдын яам 2026 оны наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 6-ны хооронд тодорхой нэр заагаагүй Нууц албаны “айлчлал”-ын үеэр зочид буудлын өрөөнд 18,715 ам.доллар зарцуулжээ.

Тэгвэл Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлев наймдугаар сарын 27-нд Казахстан улсад болсон тус холбооны хэвлэлийн бага хурлыг орхиж, захиалгат онгоцоор шөнөжин нисэж Улаанбаатарт иржээ. Улмаар тэрбээр Трамп Жуниорын байрлаж байсан ангийн баазад очсон байна. Түүнтэй хамт АНУ-ын хоригт орсон хөрөнгө оруулалтын Voskhod сангийн хамтран эзэмшигч Оросын бизнесмэн Артур Мартиросов мөн иржээ. Кремлев болон Мартиросов нар Financial Times сонины тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Аялалд оролцсон нутгийн нэгэн иргэн Financial Times сонинд ярихдаа, Трамп Жуниор болон Кремлев нар ангийн баазад байх хугацаандаа хамтдаа гэрэл зураг авахуулахгүй байхыг хичээж байсан гэжээ. Гэсэн ч Кремлев өөрийн Telegram сувагт нар мандах үеэр ан хийхээр бэлтгэж буй хүмүүсийн бичлэгийг нийтэлсэн байна. Энэхүү бичлэгт Трамп Жуниор харагдаагүй ч түүний ангийн аяллыг зохион байгуулсан хоёр хүн дүрслэгджээ.

ВИДЕО: 

@umar_kremlev

А как вы относитесь к охоте?

♬ sonido original - Lobo solitario

 

Кремлевийн хувьд түүний хөрөнгө чинээ, амжилтын үндэс нь эрх мэдэлтэй хүмүүстэй ойр байсантай холбоотой юм. Тэрбээр Умар Лутфуллоев нэрээр төрсөн бөгөөд Financial Times сонины олж авсан задруулсан эрүүгийн хэргийн бүртгэлээс үзэхэд, залуу насандаа бусдыг дарамталж мөнгө нэхсэн, биед нь халдсан хэргээр ял шийтгүүлж байжээ. Улмаар 2010 онд тажик угсаатныг илтгэх Лутфуллоев овгоо орос маягийн Кремлев болгон өөрчилсөн байна. Кремлев гэдэг нь “Кремльд хамаарах” гэсэн утгатай үг аж. Үүний дараа тэрбээр амжилттай боксын сурталчлагч болж, мотоциклчдын бүлэглэл, цагдаа нар, улмаар аюулгүй байдлын байгууллагын дээд түвшний хүрээлэлд байр сууриа олсон байна.

Кремлев 2017 онд Оросын боксын холбооны тэргүүн болж, 2020 онд Олон улсын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ үед төрийн өмчит Газпром компани тус холбоонд их хэмжээний ивээн тэтгэлэг олгожээ. Кремлев энэхүү албан тушаалынхаа хүрээнд дэлхийн олон оронд зорчсон бөгөөд энэ оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн Путины айлчлалын бүрэлдэхүүнд багтсан нь сонирхол татаж буй юм.

Тэгвэл Кремлев болон Трамп Жуниор нарын анхны буй уулзалт өнгөрсөн жил Истанбул хотод болсон Олон улсын боксын холбооны арга хэмжээний үеэр болсон байх магадлалтай.  Энэ үеэр Филиппиний домогт боксчин Мэнни Пакьяотой хамт тайзан дээр зогсохдоо Трамп Жуниор Кремлевийг “зүгээр нэг удирдагч биш, бас найз минь” хэмээсэн байна.

Тус арга хэмжээний үеэр Трамп Жуниорын Монгол дахь ангийн аяллыг зохион байгуулж байсан Туркийн ан агнуурын аялал зохион байгуулагч Каан Каракаяг мөн онцолжээ. Тухайн арга хэмжээний үеэр Кремлев Каракаяг Олон улсын боксын холбооны Турк дэх “албан ёсны төлөөлөгч”-өөр томилсон аж.  Кремлев “Каан бол өөр өөр ертөнцийг холбодог гүүр, хүмүүсийг хооронд нь холбож чаддаг найз” гэжээ.

Трамп Жуниортой ангийн баазад хоёр өдөр хамт байсны дараа Кремлев Улаанбаатар руу буцаж, Сибирийн Якутск хотод болох Олон улсын боксын холбооны дараагийн тэмцээнд оролцохоор ниссэн байна. Нисдэг тэрэгнээс буухдаа хийсэн бичлэгтээ Кремлев “Би та нарт хэлье, уулс үнэхээр гайхалтай юм. Бид маш их хөдөлгөөнтэй байсан тул бараг унтаагүй” хэмээн ярьжээ.

Харин Трамп Жуниор Монголд дахин долоо хоног үлдэж, Увс аймгаас Баян-Өлгий аймаг руу аялсан байна. Тэнд тэрбээр Алтайн угалз агнажээ. Энэ төрөл зүйл нь  аргальтай харьцуулахад устах аюул багатайг мөн энд дурджээ.

2025 оны нэгдүгээр сард Трамп Жуниорыг тайзан дээр урьж, буяны дуудлага худалдаа зохион байгуулсан Safari Club International байгууллага түүний хоёр ялагчийн нэг нь угалз агнах аялалд оролцсоныг мөн баталсан байна.  Өөр нэг зочин нь өмнө нь Трамп Жуниортой хамт ан хийж байсан Бүгд найрамдах намын үнэнч хандивлагч Кевин Смолл байв. Тэрбээр өөр нэгэн буяны дуудлага худалдаан дээр Смолл Каракаягийн хамт бичиг баримтад гарын үсэг зурж байгаа нь гэрэл зургийн хальснаа үлдсэн байдаг билээ. Тухайн аяллын ялагч 140,000 ам.долларын санал өгчээ.

Вашингтон дахь Ардчилал, ёс зүйн хариуцлагын төлөөх иргэдийн байгууллагын төлөөлөгч Лорен Уайт Ерөнхийлөгчийн хүүтэй хамт аялал хийх эрхийг худалдах нь ёс зүйн асуудал дагуулж байгааг хэлсэн байна. Тэрбээр “Эрх мэдэлд ойртох боломжийг мөнгөөр худалдаж авах нь буяны байгууллагаар дамжсан ч, хуримаар дамжсан ч, сонгуулийн хандив эсвэл тансаг бэлгээр дамжсан ч ёс зүйн асуудал юм” гэжээ.

Баян-Өлгий аймагт байсан багт Казахстаны аяллын нөлөөлөгч Дастан Мухамедрахим мөн нэгдсэн байна. Тэрбээр Монголын уул нуруудаар аялсан тухай бичлэгээ нийтэлжээ.

ВИДЕО: 

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Дастан Мұхамедрахым (@bydastan.kz)

Угалз агнаж, алтан бүргэдтэй зургаа авахуулсны дараа Трамп Жуниор нийслэл рүү буцсан байна. Гэвч түүний аялал үүгээр дуусаагүй юм. Улаанбаатарт байхдаа тэрбээр ангийн өнгөлөн далдлах хувцсаа костюмаар сольж, хэд хэдэн уулзалт хийжээ. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй барьсан оройн зоог байв.

Монголын Засгийн газрын төлөөлөгч өөрийн фейсбүүк хуудсандаа уг уулзалтын гэрэл зургуудыг нийтэлж, хоёр тал АНУ, Монголын харилцаа болон бизнесийн боломжуудын талаар ярилцсан гэж бичжээ. Гэвч уг постыг тун удалгүй устгасан байна. Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, энэ нь албан бус уулзалт байсан бөгөөд тэд голчлон байгаль, ан агнуурын талаар ярилцжээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Трампын хүүтэй албан бус уулзалт хийж, хамт хооллосон. Хоёр улсын харилцаа харьцангуй сайн түвшинд байгаа. Тэд улс төрийн асуудал болон албан ёсны айлчлалын талаар ярилцаагүй” гэж мэдэгдсэн байна. 

Үргэлжлэл бий... 

Эх сурвалж: Financial Times