АНУ-ын Теннесси мужийн шоронд цаазаар авах ялыг гүйцэтгэх ажиллагааны үеэр амьд үлдсэн Криста Пайк анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ.
Тэрбээр өнгөрсөн баасан гараг /2026.10.30/-т өмгөөлөгчдийнхөө багийн шугамаар гаргасан мэдэгдэлдээ одоо байнгын өвдөлт мэдэрч, ярихад хүртэл хүндрэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, “Тэр шөнөөс хойш өвдөлт мэдрээгүй нэг ч хором байгаагүй” бөгөөд энэ нь зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл санааны өвдөлт аж.
Криста Пайк “Тэр шөнийн дараа намайг ямар амьдрал хүлээж байгааг огт төсөөлөөгүй. Ийм аймшигтай нөхцөл байдалд намайг хүргэсэн хариуцлагагүй, чадваргүй үйл ажиллагаанд би маш их гомдож, сэтгэл шархалж байна” хэмээн мэдэгджээ.
К.Пайк болон түүний найз залуу 1995 онд 19 настай ангийнхаа охиныг тамлан зовоож, хутгалж, зодон хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Тухайн үед 18 настай байсан К.Пайкт цаазаар авах ял оноосон байдаг. Хохирогчийн ээж охиноо хөнөөсөн этгээдийн цаазаар авах ажиллагааг үзэхээр Флорида мужаас иржээ.
Гэсэн хэдий ч К.Пайк хохирогчийн гэр бүлийнхний тухай, тэдний туулсан “аймшигтай зовлон шаналал, гарз хохирлын” талаар байнга боддог гэдгээ мэдэгдсэн байна.
К.Пайкийн өмгөөлөгчдийн мэдээлснээр, "есдүгээр сарын 30-нд түүнд тарьсан үхлийн тун бүхий фенобарбитал эм цусны эргэлтэд нь нэвтрээгүйгээс цаазаар авах ажиллагаа амжилтгүй болсон байж болзошгүй аж. Эмийн бодис цусанд нь орохын оронд гарт нь хуримтлагдсанаар гар нь түлэгдэж, цэврүүтсэн байна." Цаазаар авах ажиллагаа амжилтгүй болсны дараа К.Пайкийг эмнэлэгт хүргэж, хэд хоногийн турш ухаангүй байсан байдаг.
Ийнхүү цаазаар авах ажиллагаанаас амьд үлдсэн ч түүнд оноосон ялыг өөрчлөөгүй бөгөөд одоогоор ганцаарчлан хорьж байгаа аж. Түүний өмгөөлөгчид холбооны шүүхэд хандаж, К.Пайкийг бусад хоригдолтой харилцах боломж олгохыг хүсжээ. Тэдний үзэж буйгаар, цаазаар авах ажиллагаа бүтэлгүйтсэний дараа түүнийг ганцаарчлан хорьсон нь сэтгэл зүйн ноцтой хохирол, гэмтэл учруулж байгаа аж.
Мөн өмгөөлөгчид нь Теннесси мужийн Бүгд найрамдах намын гишүүн, захирагч Билл Лид хандан К.Пайкийн цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар солих хүсэлт гаргажээ. Гэвч захирагч Ли өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, шүүхээс өөр шийдвэр гаргахгүй бол К.Пайкийн ял хэвээр үлдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ дуулиантай хэрэгтэй холбоотойгоор Теннесси мужийн Засан хүмүүжүүлэх газрын дарга Фрэнк Страда "К.Пайкийг цаазлах ажиллагаа амжилтгүй болсны дараа албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ."
Эх сурвалж: Aljazeera