ВИДЕО: “Барселона”-гийн логотой алчуураар дэвжээ цэвэрлэсэн бичлэг шуугиан тарьжээ

ВИДЕО: “Барселона”-гийн логотой алчуураар дэвжээ цэвэрлэсэн бичлэг шуугиан тарьжээ

Казахстаны нийслэл Астана хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр үйлчилгээний ажилтан Испанийн “Барселона” хөлбөмбөгийн клубын логотой даавуугаар тэмцээний дэвжээг арчиж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, маргаан дэгдээжээ. Уг бичлэгийг Польшийн сэтгүүлч Анджей Почобут аравдугаар сарын 29-нд өөрийн X хаягтаа нийтэлсэн бөгөөд удалгүй цахим орчинд өргөн тархсан байна.

ВИДЕО: 

Бичлэгт Астана хотын “Барыс Арена” спортын ордонд ажиллаж буй үйлчлэгч эмэгтэй “Барселона” клубын өнгө, эмблем бүхий даавуугаар тэмцээний дэвжээг арчиж байгаа нь харагдах ажээ. Харин энэ үйл явдал хөлбөмбөг сонирхогчдын дунд хоёр талын байр суурь үүсгэсэн байна. “Барселона”-гийн зарим хөгжөөн дэмжигч клубын бэлгэ тэмдгийг ийнхүү ашигласныг үл хүндэтгэсэн үйлдэл хэмээн шүүмжилсэн бол “Реал Мадрид”-ын хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багаа ёжилж, хошигнол болгон хүлээн авчээ.

Харин зарим хэрэглэгч эмэгтэйн хэрэглэсэн зүйл нь клубын туг биш, харин “Барселона”-гийн логотой алчуур байсан бөгөөд тэрбээр үүнийг энгийн цэвэрлэгээний даавуу гэж бодсон байж болзошгүй хэмээн тайлбарлажээ.

Одоогоор уг алчуур цэвэрлэгчийн гарт хэрхэн очсон, эмэгтэй клубын эмблемийг таньж байсан эсэх, эсвэл зориуд ийм үйлдэл хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэмцээнийг зохион байгуулагчид болон “Барселона” клуб энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ажээ. Дашрамд дурдахад, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Астана хотод аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах ажээ. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө