Германы хэд хэдэн хотод аравдугаар сарын 31-нд болсон амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал эмх замбараагүй байдалд шилжиж, дэлгүүрүүд дээрэмдэн, цагдаа нартай мөргөлджээ. Үүний улмаас олон арван хүн баривчлагдаж, цагдаагийн алба хаагчид гэмтсэн байна.
"Gen Z regelt" буюу “Gen Z удирдана” хөдөлгөөнөөс зохион байгуулсан уг жагсаалд оролцогчид боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, амьжиргааны өртгийн өсөлтийг бууруулах, төсвийн таналтыг зогсоох, заавал цэргийн алба хаах зохицуулалтыг эсэргүүцэх шаардлага тавьжээ.
Жагсаал өдрийн цагаар тайван үргэлжилсэн ч орой нь Франкфурт, Берлин, Кёльн, Хамбург хотод нөхцөл байдал хурцадсан байна. Зарим жагсагч цагдаа нар руу салют, чулуу, шил шидсэн тул цагдаагийнхан усан буу ашиглан жагсаалыг тараажээ. Тухайлбал, Франкфурт хотод хэд хэдэн дэлгүүрийн цонхыг хагалж, зарим дэлгүүрээс бараа хулгайлсан байна. Мөн шатамхай шингэн бүхий шилэн сав шидсэн тохиолдол гарчээ. Харин Берлин хотод болсон мөргөлдөөний үеэр 27 цагдаа гэмтэж, 56 хүнийг түр саатуулсан бол Хамбург хотод 120 хүнийг баривчилжээ. Кёльн хотын галт тэрэгний буудлын орчимд жагсагчид цагдаа нарыг шилээр цохиж, унадаг дугуйгаар халдсан байна.
Gen Z regelt хөдөлгөөний төлөөлөгч Лина Фридрих жагсаалын зорилго нь боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх, цэргийн албаны заавал хаах зохицуулалтыг эсэргүүцэх, нийгмийн ачааллыг шударгаар хуваарилах явдал хэмээн мэдэгджээ. Энэ өдөр амьжиргааны өртөг болон төрийн үйлчилгээний чанартай холбоотой эсэргүүцлийн жагсаал Европын бусад оронд ч өрнөсөн байна. Тухайлбал, Францад 320 мянга гаруй хүн жагссан бол Итали, Португал улсад орон сууцны хямрал, амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болжээ.
Эх сурвалж: BBC