АНУ-д арваннэгдүгээр сарын 3-нд болсон завсрын сонгуульд Ардчилсан нам түүхэн ялалт байгуулж, Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын хяналтыг Бүгд найрамдах намаас эргүүлэн авлаа.
Тодруулбал, Ардчилсан нам Сенатын сонгуульд Бүгд найрамдах намын хяналтад байсан долоон суудлыг авч, олонх болсон байна. Ингэснээр 1932 оноос хойш анх удаа Канзас мужаас Ардчилсан намын төлөөлөгч Сенатад сонгогдлоо. Мөн Бүгд найрамдах намын уламжлалт дэмжлэг өндөртэй Техас, Хойд Каролина, Өмнөд Каролина, Айова, Охайо, Мэйн мужуудад Ардчилсан намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ.
Тухайлбал, Техас мужид Жеймс Таларико Бүгд найрамдах намын Кен Пэкстоныг, Хойд Каролинад Рой Купер Майкл Уотлиг, Өмнөд Каролинад Энни Эндрюс Дарлин Грахамыг тус тус ялсан байна. Харин Канзас мужид Адам Хамилтон сенатор Рожер Маршаллыг ялж, 94 жилийн дараа тус мужаас Сенатад сонгогдсон анхны Ардчилсан намын төлөөлөгч болжээ. Мөн Мэйн мужид Трой Жексон Бүгд найрамдах намын сенатор Сьюзан Коллинзыг ялсан нь тус намын хувьд онцлох амжилт болов.
Түүнчлэн Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимын 218 суудлын босгыг давж, олонх болсон байна. Тэд Бүгд найрамдах намын хяналтад байсан 20 гаруй тойрогт ялалт байгуулжээ. Ингэснээр Ардчилсан намын Хаким Жеффрис ирэх нэгдүгээр сараас Төлөөлөгчдийн танхимын дарга болох боломжтой болж байна. Үүнээс гадна мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан нам Жоржиа, Техас, Охайо, Айова зэрэг Бүгд найрамдах намын хяналтад байсан мужуудад ялалт байгуулжээ. Тухайлбал, Жоржиад Кейша Ланс Боттомс, Техаст Жина Инохоса, Охайод Эми Эктон, Айовад Роб Сэнд нар сонгогдсон байна.
Ийнхүү Ардчилсан нам Конгрессын хоёр танхим болон хэд хэдэн мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулснаар Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үйл ажиллагаанд тавих улс төрийн хяналт нэмэгдэхээр боллоо.
Учир нь Конгрессын хоёр танхимд олонх болсон нам хуулийн төсөл хэлэлцэх, холбооны төсөв батлах, засаг захиргааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд голлох үүрэгтэй. Тиймээс Трампын засаг захиргаа бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилд Ардчилсан намын хяналттай Конгресстой хамтран ажиллах шаардлагатай болж байна.
Сонгуулийн дараах санал асуулгаар иргэдийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, Ирантай холбоотой дайн болон засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт зэрэг асуудал сонгогчдын сонголтод чухал нөлөөлсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: AP, Reuters, Guardian