Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгууллаа.
Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 мазаалайд зориулан нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан. Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал, шахмал гэсэн хоёр төрөлтэй.
Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овъёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн орох бөгөөд 20 орчим хувийг уураг байхаар тооцсон байдаг. Энэ удаагийн биотехникийн арга хэмжээг зохион байгуулах ажилд байгаль хамгаалагчдын хоёр машины түлшний зардалд Маза кофегийн хамт олон дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.