Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдал, цахим орчинд нийтлэгдээд буй мэдээллүүд, мөнгөн хөрөнгийн талаар мэлээлэл хийлээ.
Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Улсын хэмжээнд энэ оны 10-р сарын байдлаар 54 мянган гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл, гурван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байгаа юм. Одоогийн байдлаар 15 мянга гаруй гэмт хэргийн 8164 хэргийг илрүүлсэн. Илрүүлэлт 53.7 хувьтай байгаа. Гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учраад 218.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн. Бараа үйлчилгээ захиалгаар 3798 залилангийн хэрэг бүртгэгдсэн. Лайв сугалаа сүүлийн үед их явж байна. Телаграмаар даалгавар өгөх, ажил сургуульд оруулна, валют арилжаа, хандив туслам нэрийдлээр, тээврийн хэрэгслийн сэлбэг худалдаа, зээл чөлөөлнө, бусдын цахим хаягаар нэвтэрч мөнгө зээлэх аргаар залилж байна” гэлээ.
Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж "Энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхитай холбоотой 463 холбогдогчтой 430 гэмт хэрэг илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, хэргийн холбогдогч 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эхний есөн сарын байдлаар нийт 15 төрлийн 123,550 хүн нэг удаа хэрэглэх мансуурах хэмжээний бодисыг хууль бус зах зээлд нийлүүлэлт хийгдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон. Мөн гадаад улсаас нийлүүлэгч таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоож, хоёр иргэнийг шилжүүлэн авчирсан. Гадаад улсад энэ төрлийн гэмт хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг нь хувь хүн, гэр бүл, нийгмийн ирээдүйд заналхийлдэг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг юм. Хураагдсан мансууруулах бодисыг хадгалах, шийдвэрлэх, устгахдаа ЭХХШТХ-ийн 21.5 дугаар зүйл болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 246, А/80 дугаартай захирамж, тушаалыг хатуу баримталдаг Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тасралтгүй камерын бичлэгтэй хадгалж, шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, устгуулдаг. Энэ үйл ажиллагаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий зэрэг таван байгууллага хамтран оролцдог.
Цахимд орчинд гарсан “хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан” гэх мэдээлэл бол огт үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.