Г.Пүрэвбаатар: "Адтай жаалууд" киноны Эрхэсийн дүр яг миний амьдралтай адил учир жүжиглээд байх шаардлага байгаагүй

Г.Пүрэвбаатар: "Адтай жаалууд" киноны Эрхэсийн дүр яг миний амьдралтай адил учир жүжиглээд байх шаардлага байгаагүй

“Адтай жаалууд” монголын анхны хүүхдийн олон ангит уран сайхны кино 2010 онд дэлгэцээр гарч, тухайн үедээ хүүхэд багачуудын дэлгэцийн суваг эргүүлэх гол шалтгаан болж байлаа. Энэ кинонд авьяаслаг хүү Эрхэсийн дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Г.Пүрэвбаатартай ярилцлаа. 

ВИДЕО: 

- Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. “Адтай жаалууд” киноны Эрхэс хүүгийн дүрээр нь хүмүүс өөрийг тань сайн мэдэх байх. Анх энэ кинонд тоглож, энэ дүрийг бүтээх болсон түүхээс ярилцлагаа эхэлье.

- Анх "Лоолойгийн найзууд" гэдэг хүүхдийн нэвтрүүлэг TV-9 телевизээр гардаг байлаа. Энэ нэвтрүүлгийн маань найруулагч Д.Эндэр найруулагч маань “Адтай жаалууд” гэдэг монголын анхны хүүхдийн олон ангит киног санаачилсан юм. Тухайн үед би долоон настай байсан учраас яг ямар үйл явдал болж байсныг тийм ч сайн санадаггүй юм. Санаж байгаагаар бол би анх TV-9 телевизээс “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн нэрэмжит болгож зохион байгуулсан “Дэлбээлж буй авьяас” гэдэг тэмцээнд оролцож түрүүлсэн юм. Ингээд л “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэгт зочноор оролцох урилга авч, Шинээ ах, Ариунгуа эгч хоёртой уулзаж үзэж байлаа. Тэнд яг надтай адилхан урлагт дуртай, урлагаар хүмүүжиж байгаа олон хүүхэд байсан. Тэр хүүхдүүдтэй найзалж нөхөрлөөд явахад надад маш сайхан байсан. Дараа нь хөтлөгчийн дугуйлангийн сурагч болж суралцаад явж байсан юм. Тэгээд л нэг өдөр манай найруулагч маш зузаан, 400-500 хуудас киноны зохиол өгөөд, “Заа кинонд тоглоно оо” гэж байлаа. Тухайн үед би дөнгөж бичиг үсэг сурж байсан нэг, хоёрдугаар ангийн хүүхэд байсан учир тэр зохиолыг унших л маш хэцүү байсан санагддаг юм. Тухайн үед хөтлөгчийн дамжаа маань хоёр хүн зөрдөг урт коридортой. Тэрний харанхуй буланд суучихаад уйлаад л зохиолоо уншиж байсан маань одоо санаанд ордог юм. 

Жүжигчин Г.Пүрэвбаатар

“Адтай жаалууд” киноны Эрхэс гэдэг хүүгийн дүрд тоглоход жүжиглээд байх шаардлага байгаагүй. Миний амьдралын хэв маяг угаасаа тийм байсан. Амьдрал дээрээ ч бас би эгчийнхээ зургийг зараад л, сахилгагүйтээд л явдаг хүүхэд байлаа. Найруулагч маань бид нарыг харж байгаад дүрийг нь тааруулж өгсөн байх л даа.

- Пүрэвбаатар айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулвал...

- Би айлын бага. Дээрээ 11 насны зөрүүтэй нэг эгчтэй. Аав маань бага байхад бурхан болоод, ээж эгч хоёртойгоо л өссөн дөө.

- “Адтай жаалууд” кинонд бас нэг эгчтэй...

- Тийм. Кинонд манай Ариунгуа эгч маань миний эгч болж тоглодог. Ер нь энэ кино миний амьдралтай маш төстэй.

- “Адтай жаалууд” киног тухайн үед бараг бүх хүүхэд үзсэн, томчууд ч үзсэн л байх. Ингээд нэг ёсондоо “од” болчихож байгаа шүү дээ. Дараа нь ямар байсан бол, санадаг уу?

Намайг ангайлгасан нэг үйл явдал болсон юм. Нэг удаа хөдөө орон нутагт тоглолтоор явж байхад нэг ах эгч хоёр “Би ёстой улаан фен байгаа юмаа” гээд ирж байсан юм. Тэр хоёрын маань хүүхэд нь бас миний үе. Гэхдээ хүүхэд нь бол “Би Эрхэст дургүй, Ялгуунд дуртай” гээд. Харин ах эгч хоёр бол “Би Эрхэст дуртай” гэж байсан юм. Ингээд бодоход тэр үеийн хүүхэд гэлтгүй томчууд хүртэл энэ киног үзэж байсан. Нийгэмд бас эерэг нөлөө үзүүлсэн кино гэж боддог юм. Мэдээж кинонд тоглосны дараа олон хүн намайг таньдаг болсон. Бараг л зөрсөн хүн болгон эргэж хардаг, амандаа шивэр авир хийдэг. Тухайн үед хүүхэд байсныг ч хэлэхүү 10 гаран настай байхдаа зөвхөн “Адтай жаалууд” кинонд тоглосныхоо төлөө олон удаа зодоон хийж байлаа. Гудамжинд явж байхад “Энэ Адтай жаалуудын Эрхэс байна” бариад ав гээд л эхэлнэ шүү дээ.

Жүжигчин Г.Пүрэвбаатар

- Одоо киногоо эргэж үздэг үү? 

- Үзэлгүй яахав. Хүүхэд насны минь хамаг л гоё дурсамж энэ кинонд байгаа шүү дээ. Би яг кино гарсны дараа үнэхээр киногоо бүтэн үзэж амжаагүй юм. Үргэлжлээд л шууд зураг авалт, хөтлөгчийн дамжаа гээд л явдаг байсан учир киногоо үзэх боломж олддоггүй байсан юм. Одоо PlayMo-оос би мөнгөө төлж аваад үзэж байгаа шүү дээ. Эргээд үзэхэд маш гоё байгаа. Хүүхэд насандаа тоглосон кинонд алдаа дутагдалтай зүйл олон байгаа.

- Одоо ямар ажил хийж байна вэ. Ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ? 

- Би БНХАУ-д жүжигчин, найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөд ирсэн юм. Хар багаасаа урлагаар хүмүүжсэн учраас урлагаасаа холдож чаддаггүй юм байна. Одоо мэргэжлээрээ ажиллаад л, видео найруулагч, эдитор хийгээд явж байгаа.

- “Адтай жаалууд” кинонд тоглосноос хойш өөр кинонд тоглосон уу?

- Хүмүүсийн сайн мэддэгээр “Зангараг” уран сайхны кинонд жүжигчин Батбаатар ахынхаа хүүхэд насны дүрийг бүтээж байсан. Дараа нь “Төмөр нар” гэдэг монголын анхны хүүхдийн хорихтой, бас их хүнд сэдэвтэй кинонд Галт гэдэг гол дүрийн хүүхдийн дүрд тоглосон. Мөн “Ахлах сургууль” гэх мэт тоглож байсан ганц хоёр кино бий бий.

- Танай гэр бүлд урлагийн хүн бий юу. Урлагийн замыг сонгох болсон шалтгаан юу вэ?

Манай өвөө л урлагийн хүн дээ. Баян хуур тоглодог, хөгжмийн зохиолч хүн байсан юм өвөө маань. Аав ээж хоёр маань бол урлагийн хүмүүс биш хэдий ч дуу хуурт дуртай, манай ээж одоо ч их хошин шогийн мэдрэмжтэй хүн байдаг юм.

Жүжигчин Г.Пүрэвбаатар

- Өөрийг тань хөтлөгчийн дугуйланд явж, кинонд тоглоход гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

- Мэдээж дуртай байлгүй яахав. Ялангуяа миний ээж байнга л намайг хөтлөөд, тэмцээн уралдаанд маань дагуулаад явдаг байсан. Тухайн үед ээж минь бас миний бүх тайзны хувцсыг оёж өгдөг байлаа. Ээжийнхээ оёсон гоё гял цал хувцсыг өмсөөд би чинь энд тэндхийн тэмцээн уралдаанд их оролцдог байсан даа. Ёстой тэмцээн алгасахгүй бүх тэмцээнд л ороод явдаг байлаа. Страд, рок дууны тэмцээнд орно. Заримдаа бүр ардын дууны тэмцээнд хүртэл ордог байлаа шүү дээ.

- Одоо дууны уран бүтээлээ хийж байна уу?

- Мэдээж дуулна л даа. Гэхдээ хувьдаа л дуулна гэдэг шиг. Тайзан дээр бол гарахгүй л байна.

- Таны цаашдын зорилго мөрөөдлийн талаар...

- Одоо ч гэр бүлтэй болсноос хойш гэр бүлтэй болсноос хойш гэр бүлтэйгээ аз жаргалтай байх л гоё болсон. Хүүхэд байхаасаа л Холливудын алдарт жүжигчин болохыг хүсдэг байсан. Надад тийм ч олон дүрийн сонголт байхгүй шүү дээ. Мэдээж комеди. Над шиг царайтай алуурчин гэж байхгүй шүү дээ. Хаан ч байхгүй байх. 

- Ярилцсанд баярлалаа. 

Жүжигчин Г.Пүрэвбаатар




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө